Ким Чен Ун Владимир Путинийг Хойд Солонгост айлчлахыг урьжээ

Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Ким Чен Ун Владимир Путинийг БНАСАУ-д айлчлахыг урьж, Оросын ерөнхийлөгч “дор нь зөвшөөрлөө” гэж РИА Новости агентлаг уламжилжээ. Путинийг “өөрт тааламжтай үедээ” айлчлахыг урьсан байна. 

Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 25-нд Русский аралд болсон юм.

Хэлэлцээ дөрвөн цаг үргэлжилжээ. Хоёр тал хэд хэдэн нэн чухал асуудал, түүний дотор Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, АНУ-тай харилцах асуудал, Орос, БНАСАУ-ын   хамтын ажиллагааны асуудал хэлэлцсэн байна.

Үүнээс гадна,  хоёр орон худалдаа-эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргаж, бүс нутгийн  энх амгалан, аюулгүй байдлыг сахин хангах зорилгоор стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.  Ханойд болсон дээд хэмжээний уулзалт дээр АНУ-ын баримтласан байр сууринаас болоод Солонгосын хойгийн байдал хуучин байдалдаа буцаж орж мэдэх юм хэмээн Ким Чен Ун болгоомжилж байгаа ажээ. 

“Москва, Кремль, Путин” нэвтрүүлгийн сэтгүүлч Павел Зарубин БНАСАУ-ын удирдагчаас ярилцлага авсан байна.

Тэр ингэж ярилцах үеэрээ Орост  ирээд төрсөн анхны сэтгэгдлээсээ ярьсан байна.

“Би ард түмнийхээ халуун бүлээн сэтгэлийг өвөрлөн Орост ирлээ. Энэ айлчлал амжилттай, ашиг тустай болж, хүндэт ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийх үеэр Солонгосын хойгийн байдлыг зохицуулах, хоёр талын харилцааг хөгжүүлэх асуудлыг тодорхой хэлэлцэнэ хэмээн би найдаж байна” гэж Ким Чен Ун тэмдэглэжээ. 

Түрүүнд нь Хойд Солонгосын тэргүүн гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нэг ч удаа ярилцлага өгч байгаагүйг тэмдэглэж байна. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ