Владивостокт Орос, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт эхэллээ
ОХУ-ын Алс дорнодын Владивосток хотноо тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт эхэлсэн тухай “РИА Новости” агентлаг уламжилж байна.
Владимир Путин Ким Жон Уныг улсынхаа удирдагчаар дахин сонгогдсонд хувиасаа баяр хүргээд биечлэн уулзсандаа баяртай буйгаа илэрхийлжээ. Тэрээр, “Энэхүү айлчлал хоёр орны харилцааны хөгжилд түлхэц өгч, цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. Оросын Ерөнхийлөгч түүнчлэн Ким Жон Уны цөмийн зэвсгийн асуудлыг шийдэх, АНУ-тай хэвийн харилцаа тогтоох хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн байна.
Ким Жон Владимир Путинтэй Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санаа бодлоо илэн далангуй хуваалцахыг хүсч буйгаа онцолжээ. Тэрээр, яриа хэлэлцээ үр дүнтэй болно гэдэгт найдаж байна гэжээ.
Хоёр орны дээд хэмжээний уулзалт Алс дорнодын холбооны их сургуулийн Русский арал дахь оюутны баазад болж байгаа аж. Хоёр удирдагч ганцаарчлан уулзсаны дараа хэлэлцээ хоёр орны төлөөлөгчдийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлэх юм байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ