Орос улс Сирид явуулсан цэргийн кампанит ажлын дүнг гаргав

Сирийн мөргөлдөөний цэргийн үе шат дууслаа.  Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов Москвад олон улсын аюулгүй байдлын тухай бага хурал дээр ингэж хэлснийг Интерфакс агентлаг уламжилжээ.

Орос улс тусласнаар Сирийг  тарж бутрахаас сэргийлж,  засгийн газрын цэрэг  нутаг дэвсгэрийнхээ ихээхэн хэсгийг хяналтдаа дахин авлаа гэж тэр мэдэгдсэн байна.  Герасимовын хэлснээр, 1400 гаруй хот, суурин, түүнчилэн  нефтийн болон шатдаг хийн найман талбайг чөлөөлжээ.  Эсрэг талын олон арван мянган хүнийг устгаж, бас 42 мянга гаруй нь зэвсгээ хураалгасан байна. 650 гаруй танк, 3,5 мянган их буу, миномёт устгажээ.

“Тус оронд томхон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахаа болиод байна. Сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохиуулж, тэмцэлдэгч талуудыг эвлэрүүлэх механизм ажиллаж байна” гэж жанжин штабын дарга хэлжээ.

Орос улс гурван жил гаруй өмнө Сирид цэргийн ажиллагаа явуулж эхлэсэн билээ. 2018 оны наймдугаар сарын байдлаар,  энэ хугацаанд АБНСУ-д нисэгч, усан  цэрэг, сапер, холбоочин, тагнуулч, эмнэлгийн албаны мэргэжилтэн зэрэг оросын 63 мянга гаруй  цэргийн албан хаагч  байлдааны туршлага олж авчээ. Мөргөлдөөний бүсэд цэргийн цагдаагийн албан хаагчдын 60 хувь ажиллаж байсныг 2019 оны хоёрдугаар сард мэдээлсэн юм.  

2018 оны аравдугаар сарын мэдээгээр,Сирид Оросын явуулсан гурван жилийн  цэргийн ажиллагааны үед ОХУ-ын 112 цэргийн албан хаагч амь үрэгджээ. Тэдний тал нь АН-26, Ил-20 нисэх онгоцны сүйрлээр амь насаа алдсан байна. Оросын бас нэг цэргийн албан хаагч – 24 настай Максим Плетнев амь үрэгдсэн нь хоёрдугаар сард тодорхой болсон юм.  Гуравдугаар сард террористуудтай тулалдах үеэр бас гурван цэргийн албан хаагч амь үрэгджээ.

2011 оны хавар Сирид иргэний дайн эхлэсэн юм.  Одоогийн ерөнхийлөгч Башар Асадын талд байлдаж байгаа засгийн газрын хүчин; аядуу сөрөг хүчин болон террорист бүлэглэлүүд уг мөргөлдөөний гол оролцогчид юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ