БНАСАУ Помпеог өөр хүнээр солихыг АНУ-аас шаарджээ

      БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээнд төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог  өөр, “илүү туршлагатай” хүнээр солихыг шаарджээ гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна.

 Уг агентлагийн  бичсэнээр, Умард Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тараасан БНАСАУ-ын ГХЯ-ны АНУ-ын асуудал эрхэлсэн газрын захирал Квон Чон Гукийн мэдэгдэлд ингэж шаарджээ.

 “АНУ-тай хийж буй яриа хэлэлцээг цаашид  сэргээе гэвэл, бидэнтэй хийж байгаа хэлэлцээнд Помпеогийн оронд харьцахад  илүү найрсаг, туршлагатай хүн ирээсэй хэмээн би хүсч байна” гэж Квон Чон Гукийн хэлсэнийг иш татсан байна.

 БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёрдугаар сард Ханойд уулзахдаа Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох, АНУ-ын зүгээс дайсагнан хандаж байдгийг зогсоох тодорхой алхамын тухай ямар нэг тохиролцоонд хүрээгүй билээ.

“Ямар ч асуудал хэлэлцлээ гэсэн, хэрвээ Помпео л оролцох  юм бол, ажил төрөл ээдрээтэй болж, үр дүнд хүрэхгүй” гэдгийг Ханойн дээд хэмжээний уулзалт харуулсан юм гэж Квон Чон Гук хэлсэн байна. “Тиймээс хэрвээ Помпео хэлэлцээнд дахиад л оролцох юм бол,  байдал улам түвэгтэй, ээдрээтэй болно” гэж тэр тэмдэглэжээ.

 

“Харин  манай төрийн зөвлөлийн дарга (Ким Чен Ун) болон ерөнхийлөгч Трамп хоёр сайн харилцаатай  хэвээр байгаа бөгөөд нөхөр Ким Чен Ун үүнд баяртай байдаг” гэж Квон Чон Гук хэлсэн байна.

 

БНАСАУ, АНУ-ын анхны дээд хэмжээний уулзалт 2018 онд Сингапурт болсон билээ.  Хоёр орны удирдагчид хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа саяхан мэдэгдсэн ч,  тохиролцоог хэрэгжүүлэх хүртэл дангаар биш, харин харилцан авах арга хэмжээний тухай тохиролцох шаардлагатай байгаа юм.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ