Шатсан Парисын Дарь эхийн сүмийг сэргээхэд дэлхий даяар туслаж эхэллээ
Нотр Дам буюу Парисын Дарь эхийн сүмд гарсан түймрийг унтрааж дууссан тухай “Figaro” сонин мэдээллээ.
Парисын гал сөнөөгчдийн албан ёсны төлөөлөгч Габриэл Плюс хэлэхдээ,”Нотр Дам дахь түймрийг үндсэндээ унтрааж дууссан. Бид даацын ханануудад дахин гал авалцахыг бүрэн хянаж байна” гэжээ.
Парисын Дарь эхийн сүмд түймэр гарсны дараа Францын соёлыг хамгаалах сангийн цахим хуудсанд 50-500 еврогийн хандив өгөхийг уриалсан бөгөөд тус урианд орон орны олон мянган иргэн нэгдээд байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш түймэртэй холбогдуулан Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр, “Арвандөрөвдүгээр зуунаас дэлхийн урлагийн өвөрмөц өвийн нэг байсаар ирсэн Нотр Дам сүм галд автсанд итгэж чадахгүй байна. Аймшигтай юм” гэж өөрийн “Twitter” хуудсандаа бичжээ.
“Gucci” буюу “Yves Saint Laurent” моодны брэндүүдийг эзэмшдэг Францын толгой баян Франсуа Анри Пино хэлэхдээ, Парисын Дарь эхийн сүмийг сэргээхэд 100 сая евро хандивлахад бэлэн гэсэн аж.
АНУ-ын Гадаад департаментын сайд Майк Помпео мэдэгдэхдээ, “Америкийн нийт ард түмний хамт Парисын Дарь эхийн сүмийн түймрийг сэтгэл шимшрэн харлаа. Тус сүмийн гоо зүй, түүхээр бахархсаар ирсэн Францын ард түмэн, нийт католик шашинтнуудад эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ