Ливийн нийслэл Триполийн төлөө тулалдаанд 21 хүн амь үрэгджээ
Ливийн нийслэл Триполийн орчимд маршал Халиф Хафтарын удирддаг Ливийн үндэсний арми ба Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын зэвсэгт хүчний хооронд болсон тулалдаанд 21 хүн амь үрэгдэж, 27 хүн шархаджээ. Энэ тухай Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Маршал Халиф Хафтарын арми өнгөрсөн пүрэв гаригт Триполиг террористуудаас чөлөөлөх нэрийдлээр өргөн фронтоос давшин ойролцоох Гарьян, Сурман хотуудыг эзлэн аваад байгаа юм. Тэрээр НҮБ-ын дэмжлэгтэйгээр Триполид үүсгэн байгуулагдсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг түлхэн унагахыг зорьжээ.
Ливид 2011 онд өрнөсөн иргэний дайны үеэр тус улсыг 40 гаруй жил тасралтгүй удирдсан Моаммар Каддафи амь үрэгдсэн бөгөөд тэр цагаас хойш тус улсад хоёр засаглал тогтжээ. Ливийн нефтиэр баян зүүн хэсгийг Тобрук хот дахь парламент, баруун хэсгийг Триполи дахь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар удирдсаар өнөөг хүрсэн байна.
Террористуудын эсрэг идэвхтэй тэмцдэг маршал Халиф Хафтарын Ливийн үндэсний армид Египет ба Арабын нэгдсэн эмирт улс санхүү болон зэвсгийн дэмжлэг үзүүлдэг ба тус арми парламентын талыг баримталдаг ажээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ