Зеленский Порошенкод Киевийн цэнгэлдэх хүрээлэнд халз мэтгэлцэх болзол тавив


            Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн жүжигчин Владимир Зеленский өрсөлдөгч Петр Порошенкогийн халз мэтгэлцээн хийх саналыг хүлээн авахдаа Киевийн “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд зохион явуулах болзол тавьжээ.

            Тэрээр, “Петр Порошенко та намайг халз мэтгэлцээнд дуудлаа. Намайг айгаад татгалзана гэж бодсон уу? Үгүй дээ, би бол 2014 оны та биш. Иймд таны саналыг хүлээн авч байна. Гэхдээ надад нэг болзол бий. Халз мэтгэлцээнийг “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд бүх ард түмний нүдэн дээр хийе. Танд 24 цагийн бодох хугацаа өгье” гэжээ.

            Владимир Зеленский түүнчлэн халз мэтгэлцээнийг шууд дамжуулах эрхийг бүх телевизэд өгөх ёстой гэсэн байна.

Петр Порошенко 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Юлия Тимошенкогийн халз мэтгэлцэх саналыг хүлээн аваагүй аж.

            Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Владимир Зеленский сонгогчдын 30.24, Петр Порошенко 15.95 хувийн санал тус тус аван хоёрдугаар шатанд шалгарсан юм.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ