Эмээлт захад кг ноолуур 120-135 мянган төгрөгийн үнэтэй байна

Ноолуурын үнэ нэг кг нь энэ жил 140 орчим мянган төгрөгөөс эхэлсэн. Үнэ харьцангуй өндөр байгаа гэж   Хөдөө аж ахуйн биржээс мэдээлж байсан юм. Зах зээлийн нөхцөл байдлыг сурвалжлахаар бид Эмээлт сууринг зорилоо. “Булгантамир” ноолуурын цэгийн төвд 7-8 жил ажиллаж буй Б.Даваа “Ноолуур өнгөрсөн сарын 25-ний байдлаар  131-133 мянган төгрөгөөс эхэлсэн. Гэвч одоо үнэ  өдөрт 2000-5000 орчим төгрөгөөр буурсаар өнөөдөр 120 мянган төгрөг болоод байна” гэлээ.

Яагаад үнэ ийн буурсныг тодруулахад энэ жил ихэнх нутгаар цас бага орж бараан байсан нь шороотой ноолуур их байгаатай холбоотойгоор гарц багассан гэв.

Гэхдээ үнэ буурахад үүнээс шалтгаалаагүй гэж бодож байна. Хятадууд л үнийг тогтоож байгаа гэсэн юм. Эднийх жилд 18-20 тонн ноолуур жижиглэнгийн үнээр авдаг аж. Эмээлтэд ихэвчлэн Төв, Өвөрхангай, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн ноолуурыг авч байна. Ченжээр ажиллаад 20 орчим жил болсон Н.Батаа “Энэ жил ноолуур харьцангүй өндөр үнэтэй эхэлсэн. Өнгөрсөн жил 105 мянганаас дуудаж байсан. Манай  зүүн аймгийнхан ямаагаа самнаж дууссан. Удахгүй борлонгоо самнаж эхэлнэ. Хэнтий, Дорнод, Хөвсгөл Сүхбаатар чиглэлийн ноолуур 130 мянгаас буухгүй байна. Аргагүй чанар дагаж байгаа” гэлээ. Ноолуур угаах үйлдвэрүүд  дэргэдээ ноолуураа  авдаггүй байхад бүх аймгийн ноолуур Эмээлтэд төвлөрдөг байжээ. Харин сүүлийн жилүүдээс угаах үйлдвэрүүд ноолуураа дэргэдээ  шууд авдаг болсонтой холбоотойгоор сайн  чанарын нарийн ноолууртай Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймгийн ченжүүд ноолуураа шууд үйлдвэрт тушаадаг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ