Зеленский ерөнхийлөгчөөр сонгогдвол хэрхэхийг таамаглаж байна
Шоумен Владимир Зеленский ерөнхийлөгчөөр сонгогдвол, элитээс өөр юу ч өөрчлөгдөхгүй гэж Украины дээд радын депутат Вадим Рабинович телевизийн “NewsOne” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.
“Хэрвээ Порошенког сонговол, бид өнөөх л хуучин дэглэмээ хадгалж үлдэнэ. Хэрвээ Зеленский сонгогдвол, зарчмын хувьд бид юу ч өөрчлөхгүй, харин аль нэг элитийнхэн л өөрчлөгдөнө” гэж депутат мэдэгдээд, “өөр хүмүүс л хулгайлна” гэж хэлсэн байна.
Украины ерөнхийлөгчийн бүрэн эрх хязгаарлагдмал, тиймээс төрийн тэргүүн улс оронд ямар нэг зүйлийг өөрчилж чадахгүй” гэж улс төрч бас тэмдэглэжээ.
“Тэрээр батлан хамгаалах, гадаад хэргийн сайд, ерөнхий прокурорыг томилж болно. Энэ бүхэн нь зарчмын асуудал биш. Ерөнхийлөгч эвсэл байгуулж чадахгүй, парламентад түүнд юу ч байхгүй. Шинэ ерөнхийлөгч юу ч шийдвэрлэхгүй” гэж Рабинович төгсгөлд нь хэлжээ.
Украины ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн ням гарагт болсон билээ. Саналын хуудсын 95 хувийг тоолсны дараа эхний шатанд Зеленский 30,24 хувийн саналаар тэргүүлж байна. Одоогийн ерөнхийлөгч Петр Порошенког иргэдийн 15,94 хувь, “Батыкивщина” намын тэргүүн Юлия Тимошенког 13,39 хувь нь дэмжжээ.
Тийнхүү хоёр дахь шатны сонгуульд Зеленский, Порошенко хоёр өрсөлдөх нь тодорхой болж байгаа бөгөөд энэ сонгууль дөрөвдүгээр сарын 21-нд болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ