Фэйсбүүкийн “Live” хязгаарлагдана

Фэйсбүүк компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Шэрил Сандбэрг  “LIVE” дүрс дамжуулах боломжийг хязгаарлах талаар судалж байгааг блог хуудсандаа бичжээ. Шинэ Зеланд улсад болсон зэвсэгт халдлага үйлдсэн этгээд өөрийн хийсэн хэргийг фэйсбүүк Live ашиглан цацсан нь Фэйсбүүк сүлжээг ийм алхам хийхэд хүргэж байгаа гэдгийг Шерил Сандберг тайлбарласан байна. Тухайн үед Фэйсбүүк компани гэмт хэрэгтний шууд дамжуулалтыг дундаас нь тасалж, дараа нь нийтдээ 1.5 сая орчим хуулбарыг 24 цагийн хугацаанд устгасан тухайгаа мэдээлж байлаа.


Энэ мэт үйлдлээс сэргийлж фэйсбүүк сүлжээнд хэн “LIVE” дамжуулж болох, болохгүйг тухайн хэрэглэгчийн өмнө нь гаргаж байсан үйлдэл дээр үндэслэн зөвшөөрөл өгдөг болгохоор судалж буй гэнэ. Хэрвээ тухайн хэрэглэгч Фэйсбүүкийн бодлогод харшлах, зохисгүй агуулгатай зүйл тараах оролдлого гаргаж байсан бол дүрс шууд дамжуулах боломжгүй болох магадлалтай аж.


2.7 тэрбум хэрэглэгчтэй, хамгийн том сошиал сүлжээ Фэйсбүүк сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг буруу зорилгоор ашигласан дуулианд холбогдож шүүмжлэлийн бай болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ