Мозамбикт “Идай” циклон 446 хүний аминд хүрээд байна
Мозамбикт халуун бүсийн “Идай” циклоноос үүдэн аадар бороо тасалтгүй орж үер, хөрсний нуралтад хүргэснээр 446 хүн амь насаа алдсан тухай тус улсын Газрын нөөц, байгаль орчин, хөдөө аж ахуйн сайд Селсу Коррея мэдээлсэн тухай “Reuters” агентлаг уламжиллаа.
“Идай” циклонд Мозамбикт нийтдээ 531 мянган хүн өртсөнөөс 110 мянга нь тусгай лагерьт нүүн амьдрахад хүрээд байна. Тус циклон Зимбабве, Малави, Мозамбикт үер буулган маш их хохирол учруулжээ.
Мозамбикт борооны улирал аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг ба жил бүр үер болж уршиг тарьдаг аж. 2015 оны үерээс тус улсад 110 гаруй хүн амь үрэгдэж байжээ.
НҮБ “Идай” циклонд өртөгсдөд 20 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ