Азийн хөгжлийн банкнаас 334 сая ам.долларын зээл авна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Засгийн газраас 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан байна.


Тэрээр, “Засгийн газар АХБ-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирсон. Энэ хүрээнд санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд 2019-2020 онд Монгол Улсад 334 сая ам.доллар зээл олгох болсон. Энэхүү хөрөнгөөр нийт зургаан төсөл хэрэгжүүлнэ. Зээлийн асуудлыг АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлуулахын тулд УИХ болон холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж, соёрхон батлуулах шаардлагатай” гэжээ.


Уг зээлийн 30 сая ам.доллараар уг чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор байгуулж, хилийн хамгаалалт, дохиолол, мэдээллийн систем нэвтрүүлнэ гэдгийг ажлын багийнхан онцолжээ.


Мөн дээрх зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, Хүнсний ногооны услалтын системийг хөгжүүлэх, Улаанбаатар-Дарханы замыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх аж.


Монгол Улсын нийт гадаад өр 27.9 тэрбум ам.долларт хүрсэн.


Иймд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн үр ашгийг дээшлүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг Б.Баттөмөр гишүүн онцолж, гадаадаас зээл авахын өмнө Засгийн газар тухайн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, түүний үр дүн, эгүүлэн төлөх чадвар зэргээ нарийн тооцолдог болох нь чухал гэв.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ