Умард Солонгосын оршин суугчдыг хооллоё гэвэл...
Умард Солонгосын удирдагч асан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын занданшуулсан шарилыг БНАСАУ-ын өнөөгийн эрх баригчдад шахалт үзүүлэх хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэй. Японы хүний эрх хамгаалагч Кен Като НҮБ-ын төлөөлөгчдөд захидал илгээн, тус байгууллагад хандаж ийм санаачлага дэвшүүлжээ гэж “Телеграф” сонинд бичсэн байна.
НҮБ Пхеньяны Кымсусаны Нарны ордонд байдаг шарилуудыг зохих ёсоор арчилж хадгалахын тулд ашигладаг химийн бодисуудыг Умард Солонгост нийлүүлэхийг зогсоох ёстой гэж тэр үзэж байна. Занданшуулахад шаардагддаг бодисууд нь тансаг хэрэглээний эд зүйлс, учир нь тус орны жирийн оршин суугчдын аж амьдрал, сайн сайхан байдлыг дээрдүүлэх зориулалтгүй юм гэж Като үзэж байгаа ажээ.
“Бунхан дахь шарил, түүнчилэн цөмийн зэвсэг юмуу пуужинд жилд олон арван мянган ам. доллар зарцуулахын оронд өөрийн хүмүүсийг хооллож, ундлахыг би Умард Солонгост шахаж шаардахыг хүсч байна” гэж хүний эрх хамгаалагч мэдэгджээ. “Хуучин удирдагчдын шарилыг муутгахгүй байхад хэрэглэдэг бодисуудыг БНАСАУ-д нийлүүлэхийг хориглох нь одоогийн дэглэмийн нөлөөг сулруулж болох юм. Тухайлбал, ингэх нь Пхеньяны эрх баригчдын хувьд ийм чухал асуудалд ч тэд гадаадын технологиос хараат байдгийг харуулах болно” гэж тэр үзэж байна. Үүнтэй холбогдуулан Като тансаг хэрэглээний эд зүйлс нийлүүлэх хоригийг зөрчин Оросоос Умард Солонгост химийн бодис нууцаар нийлүүлж байгааг мөрдөн шалгаж эхлэхийг НҮБ-аас хүсэх ажээ.
Москва дахь “Лениний лабораторийн” мэргэжилтнүүд Умард Солонгосын удирдагчдын шарилыг арчилдаг тухай Ройтерс агентлаг гуравдугаар сарын 6-нд мэдээлсэн байна. Чухамхүү энэ лабораторийн мэргэжилтнүүд 1924 онд Владимир Ленинийг шарилыг занданшуулсныг мэдээнд дурджээ. Мэргэжилтнүүд 1994 онд Ким Ир Сенийг нас барсан үеэс хойш ойролцоогоор жил хагас-хоёр жилд Пхеньянд очиж, түүний шарил ямар байгааг үзэж ж янзалдагийг тэмдэглэсэн байна. 2011 онд нас барсан түүний хүү Ким Чен Ирийн шарилд ч мөн ийм үзлэг хийдэг ажээ.
Занданшуулах энэ бүх ажил яг ямар үнэ өртөгтэй нь тодорхойгүй юм. Гэхдээ Лениний шарилд гаргадаг зардлын тухай Оросын талын мэдээллийг үндэс болговол, Умард Солонгосын хувьд энэ тоо жилд 400 мянга орчим ам. доллар байдаг болов уу.
Одоо Умард Солонгосын 11 сая орчим хүн буюу хүн амын 43 орчим хувьд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын гуравдугаар сарын тайланд дурдсаныг “Телеграф” сонинд тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ