Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган болно

Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн чуулган, үзэсгэлэн энэ долоо хоногийн баасан, бямба гариг буюу гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулганы зорилго нь Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, алтны геологи хайгуул, судалгааг хөгжүүлж алтны нөөцийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа ажээ.

Манай улсын хувьд алтны салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд алтны хайгуул, олборлолтын компаниуд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжуудыг идэвхтэй эрэлхийлж буй юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг дэмжих зорилгоор “Mongolia Gold 2017” хурлыг 2017 оны гуравдугаар сарын 17-нд анх удаагаа зохион байгуулж байжээ. Энэ удаагийн “Mongolia Gold 2019” алтны салбарын гурав дахь удаагийн хөрөнгө оруулалт, технологийн чуулган, үзэсгэлэнгээр алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. 

Чуулган, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Засгийн газрын төлөөлөл, алтны олборлолт, хайгуулын компаниуд, хөрөнгө оруулалтын корпорациуд, зөвлөх компаниуд, ханган нийлүүлэгчид, банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцох ажээ. Чуулганы үндсэн хуралдаанаар Монголын алтны салбарын хэтийн төлөв ба боломжууд, алтны шороон болон үндсэн ордын технологийн шийдэл, алтны төслүүд ба хөрөнгө оруулалт хийх боломжууд, нөхөн сэргээлт, олон улсын туршлага, алтны геологи, хайгуулын шийдлүүд зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Мөн салбар хуралдаанаар дэлхийн алтны зах зээл ба хэтийн төлөв, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах боломж, ханган нийлүүлэлтийн асуудлыг хөндөх бөгөөд чуулганд оролцогчид Сэлэнгэ, Төв, Булган аймгийн алтны уурхайнуудтай танилцах аялал, бизнес уулзалт хийх юм байна. 

Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган болно

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд алтны чиглэлээр  ашигт малтмалын ашиглалтын 568, хайгуулын 1100 орчим тусгай зөвшөөрлийн талбай үйл ажиллагаагаа явуулж байна. Жил ирэх тусам энэ тоо улам нэмэгдсээр байгаа билээ. Монгол Улсын Засгийн газар алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэхээр ажиллаж байгаа юм. Эхний ээлжинд алт олборлогч 10 гаруй компанид хөнгөлттэй зээл өгч эхлээд байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ