Буриад-Монголын автономит социалист улсыг байгуулсан нь


Орос-Манж Чин улсын 1729 оны хилийн хэлэлцээрийн дагуу Байгаль нуурын орчмоор нутаглаж байсан хойд Монголын овог аймгууд Оросын бүрэлдэхүүнд багтах болсноос хойш 200 шахам жилийн дараа Бүх Буриадын анхдугаар их хурлын 1917 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр Буриад-Монгол улсыг зарлан тунхаглажээ. Гэвч Орост дэгдсэн иргэний дайны үеэр цагаантны атаман Г.Семёновын цэрэг цөмрөн орсноор Буриад-Монгол улс жил гаруйхан хугацаанд оршин тогтноод үгүй болсон байна.

Улаан арми партизануудын дэмжлэгтэйгээр 1920 оны гуравдугаар сарын 2-нд Дээд Үдийг (одоогийн Улаан Үд) цагаантнуудаас чөлөөлснөөр Буриадын баруун хэсэг Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсын (ЗСБНХОУ), зүүн хэсэг нь Алс дорнодын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд багтах болжээ.

Улмаар 1921 онд Алс дорнодын бүгд найрамдах улсад Чит хотод төвтэй Буриад-Монголын автономит муж, 1922 онд ЗСБНХОУ-д Эрхүүд төвтэй Монгол-Буриадын автономит муж тус тус байгуулагджээ. Ингээд, Алс дорнодын бүгд найрамдах улс ЗСБНХОУ-д нэгдсэний дараа 1923 оны тавдугаар сарын 30-нд дээрх хоёр автономит мужийг нэгтгэн Дээд Үдэд төвтэй Буриад-Монголын автономит социалист улсыг зарлан тунхагласан түүхтэй. Иймээс ч тавдугаар сарын 30-ыг ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд найрамдах Буриад улсыг үүсгэн байгуулсан өдөр гэж үздэг байна.

Байгаль нуурын зүүн эргийг эмжин оршдог Буриад улс 351 мянган км газар нутагтай, нэг сая орчим хүн амтай бөгөөд 65 хувь нь орос, 30 хувь нь уугуул буриад иргэд ажээ. Буриадын нийслэл Улаан-Үд хотод 430 мянган хүн амьдардаг юм байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ