Шинэ Зеландад террористыг зогсоох гэж тэмцээд амь үрэгдсэн Пакистаны иргэнийг нөхөн шагнана
Шинэ Зеланд дахь лалын Ан Нур сүмд орж ирсэн алан хядагчтай Пакистаны иргэн Миан Наим Рашид тэмцэлдэн бууг нь булаах гэж байгаад өнгөрсөн баасан гаригт амь үрэгджээ. Үүнтэй холбогдуулан Пакистаны Ерөнхий сайд Имран Хан мэдэгдэл хийж, “Арьс өнгөөр ялгаварлах үзэлт цагаан арьст алан хядагчийг зогсоох гэж оролдоод баатарлагаар амь үрэгдсэн Миан Наим Рашидаар эх орон нь бахархаж, төрийн одонгоор нөхөн шагнахаар боллоо. Түүнчлэн халдлагад өртөн амь үрэгдсэгсдийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.
Энэ сарын 15-нд Шинэ Зеландын Крайстчерч хот дахь лалын хоёр сүм рүү алан хядагчид нэвтрэн орж гал нээн 50 хүний аминд хүрч, 40 хүнийг шархдуулсан билээ. Цагдаа нар Брентон Таррант зэрэг дөрвөн алан хядагчийг саатуулжээ.
Брентон Таррант баривчлагдсаныхаа дараа Европт лалын шашинтнан алан хядагчдын гарт амь үрэгдсэн олон мянган гэмгүй хүмүүсийн өшөөг авсан гэж мэдэгдсэн юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ