Хар хайрцагны бичлэг “Boeing 737 MAX” онгоцны хоёр сүйрэл төстэй байсныг харуулжээ
Францын онгоцны сүйрлийг судалдаг “ВЕА” агентлагийн мэргэжилтнүүд Этиопт сүйрсэн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоцны хар хайрцагны нууц түлхүүрийг тайлж бичлэгийг Этиопын удирдлагад илгээсэн тухай “Reuters” агенлтаг мэдээлжээ.
Этиопийн Тээврийн сайд Дагмавит Могесийн мэдэгдсэнээр, хар хайрцагны бичлэг Индонесийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max 8” онгоцны өнгөрсөн оны аравдугаар сард болсон сүйрэлтэй төстэй байсныг харуулжээ. Тэрээр бичлэгийн агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ба бичлэгийг Этиоп, АНУ-ын мөрдөн байцаагчид хамтран нарийвчлан шалгасан гэжээ.
“Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц энэ сарын 10-нд сүйрсэн бөгөөд бүхээгт нь байсан 33 орны 157 хүн бүгд амь үрэгдсэн билээ. Үүний дараа “Boeing” компани тус загварын онгоцуудыг нислэгт ашиглахыг түр хугацаанд зогсоох зөвлөмж гаргасан юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ