Умард Солонгост нууц хувьсгалт байгууллага ажилладаг нь илэрчээ
Одоогийн эрх баригчдын эсрэг тэмцдэг “Cheollima Civil Defense” буюу түүнчилэн “Free Joseon” гэдэг нэрээрээ танигдсан нууц байгууллага Умард Солонгост ажилладаг байна. “Washington Post” сонин өөрийн эх сурвалжийг иш татан ингэж бичжээ.
Сонины сурвалжлагчид учрыг мэдэх хүний хэлснээр, тус байгууллага нь Ким Чен Ун болон түүний дарангуйлагч дэглэмийг түлхэн унагаах зорилготой гэнэ. Энэ байгууллага гуравдугаар сард уриалга гаргаж, ямарваа аргаар эрх баригчдын эсрэг тэмцэхийг тус орны оршин суугчид болон гадаадад байгаа эх орон нэгтнүүддээ уриалсан байна. Байгууллагын гишүүд Пхеньяны дэглэмийг түлхэн унагаасны дараа ажиллах түр засгийн газар эмхлэн байгуулжээ.
“Cheollima” байгууллагын гишүүд хоёрдугаар сарын 22-нд Мадрид хотод суугаа БНАСАУ-ын элчин сайдын яаманд халдсан байна. Үл таних хүмүүс тус яамны байранд дайран орж, ажилтнуудыг нь хүлээд, техник хэрэгслийг нь авч, хоёр машинд суугаад алга болжээ. Үүний цаана тагнуулын төв газар байгаа гэсэн мэдээлэл испанийн хэвлэлд гарсан ч, уг байгууллага өөрийн үйл ажиллагааг нэг ч засгийн газартай уялдуулан зохицуулаагүй, бие даан ажилласан юм гэж учрыг мэдэх хүмүүс нотлож байна. Үүнээс гадна, америкийн ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын хийх гэж байсан хэлэлцээг тасалдуулахгүйн тулд энэ хэрэгт оролцох нь АНУ-д ашиггүй юм.
Сонинд бичсэнээр, ийнхүү халдлага хийснээр тус байгууллагын гишүүд ЭСЯ-ны ажилтнуудын утас болон компьютераас үнэ цэнтэй мэдээ олж авсан байна. БНАСАУ хориг арга хэмжээг зөрчин Европоос тансаг хэрэглээний эд зүйлс авахаар оролддогийг нотлосон баримт бичгүүд ч бас байж болох талтай.
“Cheollima” бүлэглэлийнхэн 2017 оноос ажиллаж эхлэжээ. Тэгэхэд тус байгууллагын гишүүд Ким Чен Уны алагдсан үеэл ах Ким Чен Намын хүүг тус орноос авч гарсан байна. Тэдэнд АНУ, Хятад, Нидерланд улс туслажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ