Байгал нуурын усыг худалдах гэсэн хятадуудын төслийг зогсоов
Экологийн эсэргүүцлийн давалгаа үүсгэсэн Байгал нуурын эрэг дэх Култук тосгонд ундны ус үйлдвэрлэх завод барих ажлыг шүүхийн шийдвэрээр зогсоожээ. Эрхүү мужийн засгийн газар ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн байна.
Байгаль хамгаалах прокурорын байгууллага болон Байгаль ашиглалтад хяналт тавих холбооны улсын албанаас шалгалт явуулах үеэр илэрсэн зөрчлийг арилгах хүртэл уг ажлыг зогсоожээ.
Тухайлбал, хяналтын байгууллагууд барилга барьж байгаа газраас нефтийн бүтээгдэхүүний ул мөр, үйлдвэрлэлийн хаягдлын овоолго илрүүлсэн байна. Төслийн хөрөнгө оруулагч “АкваСиб” компанид ус татах шугамын орчныг толхижуулахын тулд газар шорооны ажил хийж гүйцэтгэх зөвшөөрөл байгаагүй аж. Бас өөр хэд хэдэн зөрчил илэрснийг мужийн захиргаа тэмдэглэжээ.
Барьж байгаа заводад цаашид Хятадад нийлүүлэх зорилгоор ус савлах ажил 2019 оны сүүлчээр эхлэх ёстой байсан байна. Уг төсөлд нийтдээ 1,5 тэрбум рублийн хөрөнгө оруулах ажээ.
Завод барихыг эсэргүүцсэн олон нийтийн өргөх бичигт 920 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна. Уг завод Байгал нуурын хосгүй экологийн системд нөхөшгүй хохирол учруулж болох юм гэж үзэж байгаа ажээ. Энэ нь маш хурц сэдэв болсныг ерөнхий сайд Дмитрий Медведев тэмдэглээд, нөхцөл байдлын учрыг олохоор амласан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ