Оросын нисэх хүчин Сирийн Идлибт агаараас цохилт өгчээ


Оросын нисэх хүчин Турктэй зөвшилцсөний үр дүнд Сирийн Идлиб мужид буй террористуудын байрлалд агаараас цохилт өгсөн тухай “ТАСС” агентлаг уламжилжээ.  

Агаарын цэглэсэн довтолгооны бай нь “Хаяат Тахрир Аш Шам” террорист бүлэглэлийн зэвсгийн агуулах байсан аж. Тэрхүү агуулахад энэ сарын 12-нд Хмеймим дахь Оросын нисэх бааз руу довтлох зорилготой нисгэгчгүй аппаратуудыг авчирсан аж. Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлэхдээ, агаарын цохилт байгаа онож устгасан гэжээ. Оросын нисэх хүчин Идлиб дахь “Хаяат Тахрир Аш Шам” бүлэглэлийн дэд бүтцийг цаашид ч довтлох төлөвтэй.

Идлиб мужид террористуудаас гадна Сирийн сөрөг хүчний дайчид байрладаг ажээ. Москва өмнө нь өрнөдийн зарим орон Идлибт “терроризм үүр”-ийг хадгалан үлдээхийг хүсч байгаа тухай мэдэгдсэн билээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ