Террористууд М.Киркоровын концертод бөмбөг дэлбэлэхийг М.Галкин захиалсан гэжээ
Махачкала хотод Филипп Киркоровын концертын үеэр террорист ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Дагестаны уугуул Хидирнеби Казуев дэлбэрэлтийн зорилго нь Максим Галкины захиалгаар алдарт дуучныг алах явдал байсан гэж мэдэгдсэн тухай “Коммерсантъ” сонин уламжилжээ.
Х.Казуев ярихдаа, 2017 онд Москвад явж байхад нь түүн дээр М.Галкин ирж М.Киркоровыг устгавал хоёр сая рубль өгөх санал тавьжээ. Тэрээр, М.Галкин Ф.Киркоровыг эхнэр Алла Пугачёватайгаа хардсан тул алахыг хүссэн гэсэн байна. М.Галкин тэр даруй урьдчилгаа болгон нэг сая рубль, гар утас, сим карт өгсөн тул Х.Казуев саналыг хүлээн авсан гэнэ.
Тэрээр М.Галкин, Ф.Киркоров, А.Пугачёва нараас байцаалт авч, өөрийг нь тэд нартай халз уулзуулахыг хүсчээ. Харин хуулийн байгууллагынхан түүний хүсэлт мөрдөн байцаалтыг сунжруулах зорилготой гэж үзэн хүлээн аваагүй байна.
Оросын Дотоод хэргийн яамны Дагестаныг хариуцсан Мөрдөн байцах газар Х.Казуев болон Дагестаны өөр гурван иргэний эрүүгийн хэргийг мөрдөн байцааж дууссан ажээ. Тэднийг 2017 оны долдугаар сарын 6-нд Махачкала хотод болсон М.Киркоровын концертын үеэр террорист ажиллагаа явуулахаар бэлдсэн хэрэгт буруутгажээ. Саатуулагсад хэргээ хүлээгээгүй ба хэт олон хүн амь насаа алдана гэж үзэн бөмбөг дэлбэлэхээс татгалзсан гэж мэдэгдсэн байна.
Филипп Киркоров алдарт дуучин Алла Пугачёвагийн гуравдахь нөхөр бөгөөд 1994 оны гуравдугаар сараас 2005 оны хоёрдугаар сар хүртэл гэр бүл байжээ. Максим Галкин Алла Пугачёватай 2011 онд гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй болсон билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ