БНАСАУ пуужингийн талбайгаа нууцаар сэргээж эхэллээ


 

Умард Солонгост Сохэгийн пуужингийн туршилтын талбайг сэргээх ажилд оржээ. Америкийн Хопкинсын нэрэмжит их сургуулийн шинжээчид ингэж мэдэгдсэн байна. 

Мэргэжилтнүүд хиймэл дагуулаас  хүлээж авсан зургуудад дүн шинжилгээ хийснээр ийм дүгнэлтэд хүрчээ.  Хиймэл дагуулаар дамжуулан ажиглаж байгаа үйл ажиллагаа нь пуужингийн туршилтын талбайг сэргээхэд  чиглэж байна гэж тэд санал нэгтэй үзжээ.

38 North төвийн сайтад мэдээлснээр, БНАСАУ бүр 2018  оны зун талбайг буулгах ажлыг зогсоожээ. Талбайг сэргээх  үйл ажиллагаа ажиглагдсан зургуудыг хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 2-д авсан байна.  Туршилтын талбайд барилгын кран, материал авчирч,  талбайн дэргэд аж ахуйн шинэ объект  нэгэнт барьжээ.

2018 оны зургаадугаар сарын 12-нд АНУ-ын  ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтаар уг талбайг устгах тухай тохиролцсон юм.  АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах тив хоорондын  баллистик “Хвансон-15”   пуужинг БНАСАУ-ын энэ газарт туршиж байсан гэдгээрээ Сохэгийн туршилтын талбай нийтэд тодорхой болсон билээ. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ