Хуан Гуайдо Венесуэлд эргэн ирж дэмжигчдээ жагсахыг уриалжээ
Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо эх орондоо эргэн ирж өөрийн дэмжигчдээ жагсахыг уриалсан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Түүнийг саатуулж болзошгүй хэмээн үзсэн АНУ, Герман, Испани болон бусад орны дипломатууд угтан авчээ.
Венесуэлийн Дээд шүүх түүнийг улсаасаа гарахыг хориглосон ч тэрээр Парагвай, Колумби, Эквадор зэрэг Латин Америкийн хэд хэдэн оронд айлчилжээ. Үүнээс үүдэн түүнийг олон арван жилээр хорих ял эдлүүлнэ хэмээн заналхийлсэн аж.
Венесуэлийн парламентын дарга Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарласан юм. АНУ, Европын холбоо болон Латин Америкийн дийлэнх орон түүнийг Венесуэлийн албан ёсны удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол Орос, Хятад зэрэг цөөн орон Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ