Алжирт жагсагчид 81 настай Ерөнхийлөгч Абделазиз Бутефликаг сонгуульд дахин нэр дэвшихийг эсэргүүцэж байна


Алжирт олон арван мянган хүн Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч, 81 настай Абделазиз Бутефликаг тав дахь удаагаа нэр дэвшихийг эсэргүүцэн жагсч цагдаа нартай мөргөлджээ.

Алжирийн Ерөнхийлөгчийн ордны ойролцоо болсон мөргөлдөөний үеэр нэг хүн амь үрэгдэж, долоон хүн бэртэж гэмтсэн тухай “En-Nahar” телевиз уламжилж байна. Түүнчлэн 56 цагдаа жагсагчдын шидсэн чулуунд өртөн бэртжээ. Цагдаа нар 45 хүн, үүний дотор зочид буудал руу халдсан, автомашин шатаасан таван жагсагчийг саатуулжээ.

Абделазиз Бутефлика дөрвөн удаа дараалан Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд хоёрдугаар сарын 10-нд эрх баригч намын нэрийн өмнөөс дахин сонгуульд нэр дэвшсэнээ зарласан юм. Харин сөрөг хүчин нэгдсэн нэг нэр дэвшигч тодруулж чадаагүй аж. Алжирийн Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөвдүгээр сарын 18-нд болох юм.

Абделазиз Бутефлика 2013 онд тал цус харван Францад олон долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэн бөгөөд өдгөө олон нийтийн өмнө төдийлөн гардаггүй, тэргэнцрээс босдоггүй юм байна.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ