21 аллага үйлдсэн Том Костягийн дээрмийн бүлгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
21 аллага үйлдсэн Том Костя хочтой Константин Пискаревын толгойлсон дээрмийн бүлгийн хэргийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.
Константин Пискареваас гадна тус дээрмийн бүлгийн найман гишүүн буюу Сергей Александров, Сергей Барабашкин, Юрий Бережнов, Александр Замятин, Дамир Капков, Андрей Столяров, Дмитрий ба Николай Юровых нарыг шүүх ажээ.
Том Костя дээрмийн бүлгээ 1996 онд байгуулжээ. Тус бүлэг 2016 онд баривчлагдах хүртлээ Москва болон Оросын бусад бүс нутагт 21 хүний аминд хүрснээс гадна хүн хулгайлах, зэвсгийн наймаа эрхлэх зэрэг олон төрлийн гэмт хэрэг үйлджээ.
2011 оны наймдугаар сарын 22-нд Том Костя Сергиев Посад хотын захирагч Евгений Душког өөрийн гараар алсан нь Орос даяар дуулиан тарьж байв. Түүний бизнесийн ашиг сонирхолд Евгений Душкогийн үйл ажиллагаа саад болсон тул тийнхүү устгахаар шийдсэн гэнэ.
Том Костягийн бүлэг чанд сахилга бат, гэмт хэргүүдийг нарийвчлан төлөвлөж гүйцэтгэдэг, ул мөрөө нуун далдлахдаа гарамгай байсан тул баригдалгүй уджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ