Энэтхэг Пакистаны хооронд болсон агаарын тулалдаанд 32 онгоц оролцжээ
Хоёр өдрийн өмнө Энэтхэг ба Пакистаны нисэх хүчний хооронд болсон агаарын тулалдаанд нийтдээ 32 онгоц оролцсон тухай “NDTV” телевиз мэдээлжээ.
Энэтхэгийн талаас найман сөнөөгч онгоц, үүний дотор дөрвөн “Су-30”, хоёр шинэчилсэн “Dassault Mirage 2000”, хоёр “МиГ-21” оролцсон аж. Тулалдааны үеэр нэг “МиГ-21” онгоцоо алдсан тухай Энэтхэгийн тал хүлээсэн юм.
Тэгвэл Пакистан агаарт 24 онгоц, үүний дотор найман “F-16”, дөрвөн “Dassault Mirage III”, Хятад-Пакистаны хамтран бүтээсэн дөрвөн “JF-17 Thunder” сөнөөгч онгоцуудыг тус тус хөөргөжээ. Үлдсэн найман онгоц дээрх 16 онгоцыг халхалж дагасан ч тулалдаанд идэвхтэй оролцоогүй байна.
Хоёр орны Кашмир дахь хилийн дагуу орших Энэтхэгийн цэргийн объектуудыг бөмбөгдсөн Пакистаны онгоцуудыг Энэтхэгийн нисэх хүчний салаа нэхсэнээр тулалдаан эхэлжээ. Салааны дарга Абхинандан Вартхаман Пакистаны “F-16” онгоцыг довтолж “Р-73” пуужин харвасан боловч тэрхэн мөчид “МиГ-21” онгоц нь “AIM-120 AMRAAM” пуужинд оногджээ. Абхинандан Вартхаман сүйрсэн онгоцноос шүхрээр буухад хүрч Пакистаны талд олзлогдсон аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ