Энэтхэг Пакистаны хооронд агаарын тулалдаан болжээ
Энэтхэгийн Гадаад хэргийн яамын албан ёсны төлөөлөгч Равиш Кумар тус улсын Зэвсэгт хүчин Кашмирийн бүсэд болсон агаарын тулалдаанд “МиГ-21” онгоцоо алдсаныг хүлээн зөвшөөрч, харин онгоцны нисгэгчийн хувь заяа тодорхойгүй хэвээр байгаа тухай мэдэгджээ. Тэрээр түүнчлэн Энэтхэгийн нисэх хүчин Пакистаны онгоцыг унагасан гэдгийг баталсан байна.
Харин Пакистаны армийнхан үүний өмнө Энэтхэгийн хоёр онгоцыг устгаж, хоёр нисгэгчийг саатуулсан тухай мэдээлсэн ч Энэтхэгийн тал үүнийг үнэнд нийцэхгүй гэсэн юм. Пакистан түүнчлэн Энэтхэгтэй шинэ зөрчилдөөн эхлүүлэн дайн өдөөхийг хүсэхгүй гэж мэдэгдсэн ч Энэтхэгийн “The Times of India” сонин Пакистаны Ерөнхий сайд Имран Хан тус улсын цөмийн зэвсгийн хүчний удирдлагатай уулзалт зохион байгуулсныг мэдэж авчээ.
Агаарын тулалдаан Энэтхэгийн нисэх хүчин Кашмирийн Пакистаны хянадаг хэсэгт “Жаиш Е Мухаммад” террорист бүлэглэлийн лагерийг бөмбөгдсөний маргааш болжээ. “Жаиш Е Мухаммад” бүлэглэл энэ сарын 14-нд Энэтхэгийн Жамму Кашмир мужид 45 хүний аминд хүрсэн террорист халдлагыг зохион байгуулснаа хүлээсэн аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ