Нобелийн шагналтнуудад зориулсан дайллагын тухай сонирхолтой баримтууд
Өнөөдөр хүссэн хүн бүр Нобелийн шагнал гардуулах ёслолыг үзэж болох бөгөөд энэ арга хэмжээг дэлхийн олон оронд шууд дамжуулан үзүүлдэг билээ. Харин шагналтнуудад зориулсан дайллага бол дээрхээс дутуугүй сонирхолтой арга хэмжээ байдаг байна. Уг дайллага нь ёслолын арга хэмжээний салшгүй нэгэн хэсэг бөгөөд гэхдээ дайллагад цөөн хүн оролцдог, учир нь суудлын тоог хатуу тогтоосон байдаг байна. Ингэхдээ олон жил өөрчлөгдөлгүй явж ирсэн тодорхой зан үйлийг мөрддөг аж.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны яг 19 цагт дайллага эхлэнэ. Энэ нэр хүндтэй шагнал хүртэгсэд Шведийн ван, хатан хааны хамт танхимд орж ирэхэд, уригдагсад тэднийг угтана. Шагналтан бүр зочдыг урьж болох ч, 16 хүнээс илүүгүй байх нэг болзолтой. Ван шагнал хүртсэн эмэгтэйчүүдийн нэгний хамт гарч ирнэ. Хэрвээ эмэгтэй шагналтан тодроогүй нөхцөлд физикийн салбарын шагналтны гэргийтэй хамт гарч ирнэ. Арга хэмжээний эхэнд заавал хоёр удаа хундага өргөнө. Эхнийхийг нь хааны төлөө, өөрөөр хэлвэл Шведийн вангийн төлөө, хоёр дахийг нь шагналыг бий болгосон Альфред Нобелийн төлөө өргөнө. Энэ дарааллыг огтхон өөрчилж болдоггүй аж. 1974 оноос дайллагыг Стокгольм хотын захиргааны Хөх танхимд хийдэг болжээ.
Ойролцоогоор 1300 хүн цугларч, зочин бүрт 60 сантиметрээс их ч үгүй, бага ч үгүй зай ногддог байна. Цаашид Нобелийн шагнал авах магадлалтай авъяаслаг оюутнууд зочдын дунд байдаг. Хоолны цэс жил бүр өөрчлөгддөг ч, үүнд Скадинавын хойгийн хоол голлоно. Тухайн жилд цэсэнд чухамхүү ямар ямар хоол орохыг чанд нууцладаг байна. Нэг өөрчлөгддөггүй уламжлал бий бөгөөд десертэд зайрмаг өгдөг байна. Баярын зоогоос бүр өмнө цэс зохиох ажил эхлэдэг аж. Ингэхдээ Нобелийн шагналтнуудын хувийн сонирхолыг ч харгалзан үздэг байна. Жишээлвэл, хэрвээ тэдний хэн нэг нь тодорхой бүтээгдэхүүнээс харшил авдаг бол, үүнийг өөр хоолоор заавал солино. Ингэхдээ үндэсний уламжлалыг ч сахидаг нь мэдээж. 1991 онд дайллагад шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Кофе уудаггүй гүнж Лилианагийн хувьд цайны тусгай аяга захиалсан байна. Зохион байгуулагчид нийт үйлчилгээнд зориулан чамгүй мөнгө - бүтэн хагас сая гаруй ам. доллар гаргана. Гэвч хэрэгсэл бүр нь урлагийн багаахан бүтээл шиг харагдана. 200 гаруй үйлчлэгч асар их хариуцлага хүлээнэ. Хоолыг дахин халааж болохгүй, тиймээс бүх зочныг 2 минутад амжиж үйлчлэх шаардлагай гэнэ. Харин зайрмаг өгөхөд арай илүү – 3 минутын хугацаа өгдөг байна. Үйлчлэгч нарын бүх үйл хөдлөлийг нарийн сургуулилдаг аж. Тэдний хувьд ийм дайллагад үйлчлэх нь ур чадварыг нь хүлээн зөвшөөрсөн, их нэр төрийн хэрэгт тооцогддог байна. Яг 22 цаг 15 минутад дайллагын хоёр дахь хэсэг - бүжгийн хэсэг эхлэнэ. Тийнхүү арга хэмжээ шөнийн нэг цаг хагаст дуусдаг байна.
Уригдсан зочдын жагсаалтад ороогүй хүмүүс цөхрөх хэрэггүй гэнэ. Мөн энэ байшинд байдаг “Хотын захиргааны зоорь” гэдэг ресторанд 1901 оноос эхлэн Нобелийн шагналтнуудын цэснээс дуртай хоолоо захиалж болдог аж. Захиалгын үнэ ойролцоогоор 200 ам. доллар байдаг гэнэ. Тийнхүү уг ресторанд үйлчлүүлдэг хүмүүсийн тоо тийм ч цөөн биш бөгөөд жилдээ 20 000 орчим хүн ордог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ