Трамп Ким Чен Унтай уулзахаар явахдаа “Араатан” хөлөглөнө


     Хоёрдугаар сарын 27, 28-нд Ханой хотод хийх дээд хэмжээний уулзалт  Цагаан ордны тэргүүн болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь уулзалт болно.

Дональд Трамп Ким Унтай уулзахаар дараа долоо хоногт очихдоо Вьетнамын нийслэлд хуягласан “Cadillac One” лимузин хөлөглөх бөгөөд, энэ машин “The Beast” буюу “Араатан” гэдэг хочтой юм.  Тэндхийн  “VN Expess” сонинд бичсэнээр, хоёр ийм машиныг Ханойд хэдийнэ хүргээд байгаа ажээ. 


“Араатан”-ы салон бүрэн бив битүү бөгөөд гар бөмбөг юмуу, минаны дэлбэрэлтийн үр дагавар, түүнчилэн биологи-химийн зэвсгийн нөлөөг тэсвэрлэх  чадвартай. Машинд халдсан нөхцөлд хэрэглэх  сум хэрэгсэл болон  АНУ-ын ерөнхийлөгчийн цусны бүлэгт тохирох бүлгийн цус бүхий уутнууд тухайн "Араатан"-д байдаг байна.


   АНУ-ын агаарын цэргийн хүчний тээврийн “Boeing C-17 Globemaster III”  нисэх онгоц Америкийн ерөнхийлөгчийн айлчлалын аюулгүй байдлыг хангахад ашиглах шаардлагатай тоног төхөөрөмж,  тухайлбал нисдэг тэрэг,  хоёр машин болон хүмүүсийг урьдчилан хүргэхээр Ханой  руу хэд хэдэн нислэг үйлджээ.  Тийнхүү АНУ-ын нууц албаны ойролцоогоор 200 гаруй ажилтан хоёрдугаар сарын 23-нд Вьетнамын нийслэлд ирсэн байна.

Хоёрдугаар сарын 27, 28-нд Ханойд хийх  дээд хэмжээний уулзалт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь уулзалт болох юм. Тэд өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт анх удаа  уулзсан билээ.

       БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун Вьетнамын ерөнхийлөгч Нгуен Фу Чонгийн урилгаар тус улсад анх удаа айлчилна. 

Айлчлал ойрын өдрүүдэд  болж болохыг  Вьетнамын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.  Ким Чен Уны өвөө  Ким Ир Сен  55 жилийн өмнө Вьетнамд сүүлчийн удаа айлчилсаныг хэвлэлд тэмдэглэж байна.  Тэгэхэд Умард Солонгосын удирдагчийг  Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын анхны ерөнхийлөгч Хо Ши Мин урьжээ.

БНАСАУ-ын удирдагч Америк – умард солонгосын дээд хэмжээний уулзалтын өмнө Вьетнамд ирэхийг үгүйсгэхгүй байна.


Ким Чен Ун Нгуен Фу Чонгтой уулзахын зэрэгцээ  тус орны үйлдвэр, хөдөө аж ахуйн зарим объектоор орж болохыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түрүүнд  нь мэдээлсэн юм.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин