Василий Шукшин: Бид өөрсдийн мунхагаасаа болж ухаан ч, үнэн ч үгүй удирдагчдаар залуурдуулдаг
“Тэд нарт ухаан ч, үнэн ч алга. Тэд нарт жинхэнэ эрч хүч байтугай цогтой зоримог санаа гэж нэг ч үгүй. Тэгвэл яагаад тэд биднийг удирдан залуурддаг юм бэ? Нэг л тайлбар байна. Бидний өөрсдийн мунхаг унхиагүй байдлаас л бүх юм үүдэлтэй. Энэ өөдгүй мунхаглалыг л бид урлагаараа нам цохих хэрэгтэй...”
Энэ бол 1929 оны долдугаар сарын 25-нд одоогийн ОХУ-ын Алтайн хязгаарын Бийск дүүргийн Сростки тосгонд төрсөн, “Сибирийн шижир алт” гэгдсэн нэрт зохиолч, кино найруулагч, жүжигчин Василий Шукшиний хэлсэн үг. Түүнийг таван настай байхад аавыг нь большевикууд тариачдыг хүчээр хамтралжуулах 1933 онд нударган баян хэмээн буудан хороожээ.
Тосгондоо дунд сургуулийн долдугаар ангийг дүүргээд тэрээр 1943 онд Бийскийн автомашины техникумыг төгсч, Калуга, Владимир хотуудад турбин болон тракторын үйлдэрт мужаан, механикчаар ажиллаж байсан аж. Улмаар Балти болон Хар тэнгисийн флотод цэргийн алба хаагаад ходоодны шархлаа өвчний улмаас халагдаад төрөлх Сростки тосгоныхоо дунд сургуулийг эчнээгээр дүүргээд мөн сургуульдаа Орос хэлний багш, бүр захирлаар нь хүртэл ажиллажээ.
В.Шукшин 1954 онд ВГИК буюу Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд нэрт найруулагч В.Роммын кино найруулагчийн ангид элсэн орсон бөгөөд хоёрхон жилийн дараа С.Герасимовын найруулсан “Дөлгөөн Дон” кинонд сониуч тэнгисийн цэргийн туслах дүрд тоглоод төдөлгүй М.Хуциевын “Хоёр Фёдор” киноны гол дүрийг бүтээн ЗХУ даяар алдаршжээ. Тэрээр 1964 онд 35 насандаа “Хөдөөний хүмүүс” хэмээх анхныхаа номоо хэвлэсэн төдийгүй “Тийм нэгэн залуу” киноны зохиолыг бичин өөрөө найруулж уран бүтээлчийн хувьд нэр хүнд олсон байна.
Үүнээс арван жилийн дараа тэрээр өөрийнхөө хамгийн алдартай “Улаан бүрэлзгэнэ” киног бүтээн эх орондоо төдийгүй олон улсад хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэн юм. Гэвч залуугаасаа архи ихээр ууж байсны улмаас ходоодны шархлаа нь ужгирч, 1974 оны аравдугаар сард ЗХУ даяар хайрлан хүндэлдэг уран бүтээлч “Тэд эх орныхоо төлөө тулалдсан” киноны зураг авалтын үеэр 45 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ