Арван компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаад байна
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 10 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр зарлаад байна. Тодруулбал, энэ долоо хоногт “Их барилга” компанийн ээлжит хурал болно. Тэгвэл “Гермес центр”, “Эрдэнэт суварга”, “ЛэндМН”, “Завхан баялаг”, “Баянтээг” компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх гуравдугаар сард хийхээ Хөрөнгийн биржид мэдээлээд байна. Харин дөрөвдүгээр сарын эхээр “Монинжбар”, “Хүрд”, “Баян-Алдар”, “Хөвсгөл усан зам” компанийн үнэт цаас эзэмшигчид хуралдах товтой байна. Хөрөнгийн зах зээлд IPO хийж хувьцаа болон бонд гаргасан компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зарлан хуралдуулах үүрэгтэй. Мөн энэ хоёрдугаар сарын 19-ний дотор ногдол ашгийн шийдвэрээ танилцуулах ёстойг СЗХ мэдээлж байна. Одоогоор “Говь”, “Хөвсгөл алтан дуулга”, “Баянтээг” зэрэг компаниуд ногдол ашиг тараах шийдвэрээ олон нийтэд ил болгосон. Энэ онд Хөрөнгийн бирж, СЗХ хувьцаат компаниудын засаглалыг сайжруулахад анхаарч, энэ хүрээнд компаниудыг хуулийн хугацаандаа хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж, санхүү болон үйл ажиллагааны тайлангаа ил тод байлгахыг шаардаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ