В.Путин тусгаар тогтнол хайж, Д.Цогтбаатар Уго Чавесийг эргэн дурсав уу?
Даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд аливаа улс орон зэрэгцэж хөгжихийн тулд дэлхийн бусад оронтой харилцах харилцаандаа онцгой анхаарахыг дэлхий дахины "яг одоо" цаг шахаж, шаардаж байна. Яг л, "чи чадвал чад, чадахгүй бол чацга царайл" гэдэг бидний танил үгийг санагдуулмаар..
Сирийн хямралыг төгсгөх арга замыг хэлэлцэхээр ОХУ-ын Сочи хотноо Турк, ОХУ, Ираны удирдагчид уулзах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин "АНУ Европт пуужин байрлуулахыг европчууд эсэргүүцэж чадахгүй байна. Энэ бол Европчуудын эрх ашгийг маш ноцтой зөрчиж буй явдал. Гэвч тэд дуугүй суусаар л байна.Тэдний тусгаар тогтнол хаана байна вэ? Дэлхий дээр ганц ч бүрэн тусгаар тогтносон улс гэж байхгүй. Одоогийн энэ дэлхий ертөнц дээрх бүх улс харилцан хамааралтай" хэмээн хэлсэн нь яахын аргагүй анхаарал татмаар үг байлаа. Их гүрний төрийн тэргүүний энэ тодорхойлолтыг манай улстөрчид ч ойлгож, гадаад харилцаандаа сургамж авахад илүүдэхгүй бизээ.
Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо болж буй 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож байх үеэрээ бас л анхаарал татахуйц бас нэгэн улс орны жишээг онцолж, Монголдоо ой санамжтай, хэрэг болохуйц тайлбар хийгээд амжжээ. Тэрээр Венесуэл Улсад өрнөж буй үйл явдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, Венесуэл Улсад үүсээд буй нөхцөл байдал нь олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн хийрхэлийн уршиг бөгөөд яг ямар үр дагаварт хүргэдгийг тодоор харуулж буйг онцлон тэмдэглэжээ. Мөн цааш ярихдаа “Нэгэн үед Венесуэл Улсын Ерөнхийлөгч Уго Чавес болон түүний залгамжлагч Мадурогийн үзэл баримтлалыг дэмжиж, дуурайл болгон сайшаасан Монголын зарим улс төрийн хүрээнийнхэн байсан. Өнөөдөр, харин, Венесуэлийн ард иргэдийн өөрсдийн амьдралын хүнд бөгөөд гашуун жишээ нь дэлхийд ямар бодлогыг баримталж болохгүйг харуулж байна. Эдүгээ энэ улсад зөвхөн уг орны асуудал шийдэгдэх гэж байгаа юм биш. Харин дэлхийн түвшинд хийрхэл ба үндэслэл тооцоотой бодлого, үйл ажиллагааны аль нь тунаж үлдэхийг тогтоох тэмцэл өрнөж байгаа юм. Энэ утгаараа дээрх асуудлын шийдэл манайд бас нөлөөтэй бөгөөд Монгол Улсын хөгжлийг эрсдэлд оруулсан Уго Чавес-Мадурогийн үзэл баримтлал төгсгөл болж, манай эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь багасах болов уу” гэж тооцож буйгаа онцолжээ.
Ер нь аль ч орны улс төрчдийн толгой өвтгөдөг зүйл бол эдийн засаг, гадаад харилцааны тухай асуудал байдаг. Улам бүр өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж, үсрэнгүй хөгжилтэй Монгол орноо ирээдүй үедээ өвлүүлэхийн тулд бид ямар гадаад бодлого баримтлах ёстой вэ? Ядаж гадаад харилцаагаа нэг цонхоор харахгүйгээр төрийн институцүүд өөр өөрсдийнхөөрөө аашлаад аяглаад байвал юун эрин зуунтайгаа хөл нийлүүлэх, эргүүтсэн хурга шиг л дороо эргэлдээд байдаг өрөвдмөөр нөхөд болж хувирна шүү дээ.
Н.Цацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ