Кашмирт болсон хэрэг явдалд холбогдолгүй гэдгээ Пакистаны тал мэдэгджээ

Энэтхэгийн Жамму Кашмир муж улсад болсон террорын ажиллагаанд Пакистан холбогдолтой гэсэн нотолгоог  тус орны гадаад хэргийн яам баасан гарагт няцаажээ. Энэ хэрэг явдлын үеэр 42 хүн амь үрэгдсэн байна. Тус яамны мэдэгдлийг Ройтерс агентлаг иш татан дурджээ.


Өнгөрсөн пүрэв гарагт Жамму Кашмир муж улсад амиа золиослогч этгээд тэсрэх бодис бүхий машиныг цэргийн цувааны ойролцоо дэлбэлсэн байна. Тийнхүү цагдаагийн 42 албан хаагч амь насаа алджээ. Салан тусгаарлах үзэлт  радикал бүлэглэлүүдийн нэг болох “Жаиш-е-Мухаммад” байгууллага  энэ халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.


“НҮБ болон бусад оронд хориглосон” энэ террорист байгууллага Пакистанд байрлаж, тус орны дэмжлэгийг авдаг гэж Энэтхэгийн ГХЯ мэдэгджээ.


Олонхи нь лалын шашинтнууд байдаг Энэтхэгийн цорын ганц муж улс болох  Жамму Кашмирын байдал олон жил түгшүүртэй хэвээр байгаа юм.  Энэтхэгээс тусгаарлахыг зорьдог бүлэглэлүүд Энэтхэгийн энэ нутагт идэвхитэй ажилладаг байна. Энэтхэгийн тал Пакистаны эрх баригчдыг террористуудыг дэмждэг гэж байнга зэмлэж, харин Пакистаны тал үүнийг няцаадаг юм. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин