Умард Солонгосын хүүхдүүд олныг хамарсан өлсгөлөнгийн золиос болжээ

Умард Солонгосын оршин суугчдын бараг  тал (40%) нь хүнсний хомсдолд  оржээ.  Телевизийн KBS суваг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын илтгэлийг иш татан ингэж мэдээлсэн байна.

Тус байгууллагын тэмдэглэснээр, хүнсний аюулгүй байдлыг хангахгүй байгаагаас болоод Умард Солонгосын дөрвөн хүн  тутмын нэг нь хямралтай байдалд байгаа ажээ. Үүнээс гадна, Умард Солонгосын 19 сая орчим иргэн (хүн амын дөрөвний гурваас илүү нь)  хүнсний бүтээгдэхүүн хуваарилах төрийн тогтолцооноос илт хамааралтай  байдаг байна. 

Олныг хамарсан өлсгөлөнгийн асуудал хүүхдүүдийг  ч тойроогүйг илтгэлд тэмдэглэжээ. Ой хагасаас хоёр ой хүртлэх насны хүүхдийн  30 гаруй хувь нь шаардлагатай  илчлэг бүхий хоол иддэггүй бол,  тэдний дөрөвний нэг нь байнга өлөн зэлмүүр байдаг байна.

Сүүлийн зургаан жилд Умард Солонгост байнга болж байгаа ган гачиг,үер болон байгалийн бусад гамшиг  тус орны хүмүүнлэгийн байдал муудахад  нөлөөлж байгаа юм. НҮБ  хүнсний хамгийн хүнд байдалд орсон БНАСАУ-ын 513 мянган иргэнд  туслах зорилгоор 10 сая ам. доллар гаргахыг  хандивлагч орнуудад уриалсан байна.


БНАСАУ-ын оршин суугчдад өлсгөлөн нүүрлэнэ гэж 2017 онд НҮБ  сануулж байсан юм. Сүүлийн 16 жилд хамгийн  удаан үргэлжилсэн  сүрхий  ган гачиг тус орны хөдөө аж ахуйд ч ноцтой хохирол учруулжээ. Тийнхүү Пхеньяны эрх баригчдад олон улсын хамтын нийгэмлэгийн  зүгээс яаралтай тусламж  үзүүлэх шаардлагатай  байгааг мэдээлж байжээ. 


ЗСБНХУ-аас өгдөг татаас  тусламж зогссонтой холбоотойгоор   хөдөө аж ахуйд хямрал эхлэсэн 1990-аад оны дунд үеэс Умард Солонгосын хүн ам  хүнсний бүтээгдэхүүний байнгын хомсдолтой тулгарч байгаа аж.  Янз бүрийн мэдээгээр, хэдэн зуун мянгаас олон сая  хүн өлсгөлөнгийн золиос болжээ. БНАСАУ-д хүнсний бүтээгдэхүүн хуваарилах картын систем удаан хугацаагаар үйлчилж байсан юм.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин