Курилийн арлуудад үр дүн нь тодорхой бүх нийтийн санал асуулга явуулна


            Оросын Сахалин мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Валерий Лимаренко Курилийн арлууд аль улсад хамааралтайг нэгмөсөн шийдэх үүднээс тэдгээр арлуудад бүх нийтийн нээлттэй санал асуулга явуулахаар шийдвэрлэжээ.

            Тэрээр, “Курилийн арлууд бол Оросын газар нутаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Арлуудын хүн ам энэ талаар ямар бодолтойг би сайн мэднэ. Гэвч гадаадын улстөрчид Курилийн арлуудын асуудлыг дэврээсээр байна. Иймд бүх нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй” гэжээ.

            Дэлхийн II дайны дараагаар ЗХУ Японы Кунашир, Шикотан, Итуруп ба Хабомаи гэх Курилийн дөрвөн арлыг дайнд ялагчийн хувьд өөртөө нэгтгэжээ. Яг л Германы Кенигсбергийг өөртөө нэгтгэн Калининград муж болгосонтой адил. Гэхдээ арлуудын нэрийг оросжуулаагүй аж.

            Өдгөө Курилийн арлуудад япон бус орос хүмүүс оршин сууж байгаа тул бүх нийтийн санал асуулга ямар үр дүнд хүрэх нь тодорхой. Крымийг Украинаас салгахдаа Москва мөн л бүх нийтийн санал асуулга гэгчийг хэрэглэсэн. Өрнөдийн ардчилсан орнуудад Крымийг Орост нэгтгэснийг Адолф Хитлер герман хэлт Австрийг Германд нэгтгэсэн 1938 оны “Аншлюс”-ийн гэрээтэй зүйрлэсэн билээ.

            Энд тэмдэглэхэд, өдгөө бусад улс үндэстнийг өөртөө нэгтгэн хүчээр барьж буй хоёрхон империалист гүрэн үлдсэн бөгөөд тэдгээр нь манай хоёр их хөрш Орос, Хятад ажээ.  

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин