Орос улс зэвсгийн экспортоор хоёр дахь байр сууриа алдах нь


 Орос улс 2020 он гэхэд зэвсэглэлийн экспортоор Францын ард орно.  Телевизийн РБК суваг “Jane’s by IHS Markit” гэсэн илтгэлийг иш татан ингэж  мэдээлжээ.

Таамаглаж байгаагаар, Франц улс 6,96 тэрбум ам. долларын зэвсэг худалдах бол,  Орос улс 6,85 тэрбум ам. долларын зэвсэг экспортлох ажээ.  Энэ салбарын тэргүүлэгч нь АНУ хэвээр байх юм. Энэтхэг, Катарт “Rafale” сөнөөгч нисэх онгоц нийлүүлж, түүнчилэн нисдэг тэрэгний эрэлт нэмэгдэж байгаа нь Францын байр суурь бэхжих шалтгаан болох ажээ. Мөн францын цэргийн хөлөг онгоц, танк, их бууны систем болон сум хэрэгсэл зах зээлд их эрэлттэй байгаа аж. 

2018  онд Орос улс зэвсэглэлээр 8,47 тэрбум ам. долларын орлого олсон нь  2017 оны үзүүлэлтээс гурван хувиар буурчээ. Оросын худалдааны томоохон түншүүдийн нэг Хятад улс цэргийн техник  хэрэгсэл худалдан авах хэмжээгээ багасгаж, тэр ч байтугай зах зээлд өөрийн гэсэн хувь хэмжээтэй болж эхлэсэн байна.

АНУ  2018 онд  32,75 тэрбум долларын зэвсэглэл худалджээ. 

2017 онд Стокгольмын дэлхийн асуудлын судалгааны олон улсын хүрээлэн жагсаалт гаргаж,  үүнд дэлхийн цэрэг-аж үйлдвэрийн зуун томоохон компанийн эхний гуравт  АНУ-ын үйлдвэрлэгчид орж байсан юм.  “Lockheed Martin” концерн  тэргүүлж, хоёрт “Boeing”, гуравт “Raytheon” корпорац орсон байна.  Оросын нисэх онгоц үйлдвэрлэдэг нэгдсэн корпорац 17 дахь байрнаас 13 руу урагшилжээ. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин