“Tesla” компани гуравдугаар сард дампуурч болзошгүй
АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани ирэх гуравдугаар сарын эхээр дампуурч болзошгүй ажээ. Тус компани гуравдугаар сарын 1-нд хөрөнгө оруулагчдаас зээлсэн 920 сая ам.долларыг буцаан төлөх ёстой юм байна. Гэвч бизнесмен Илон Маскийн үүсгэн байгуулсан компанид өрийнхөө талыг л төлөх мөнгө үлдсэн бөгөөд үлдсэнийг нь хувьцаагаар төлөх шаардлагатай гэнэ. Гэхдээ хувьцааных нь үнэ одоогийн ханшаас гуравны нэгээр өсөн 360 ам.долларт хүрсэн нөхцөлд л тэгэх боломж бүрдэх аж.
Энэ нь бараг бүтэшгүй зүйл бөгөөд дайран дээр давс гэгчээр оны эхээр “Tesla”-гийн Хятадад нийлүүлсэн 15 мянган автомашинд аюулгүйн дэрний асуудал илэрсэн тул буцаан татахад хүрчээ. Үүнээс гадна он гарснаас хойш гурван мянган ажилтнаас гадна санхүү эрхэлсэн захирал Дипак Ахужаг халахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Түүнчлэн “Porsche” зэрэг автомашин үйлдвэрлэгч олон компани “Tesla”-гаас хямд үнэтэй цахилгаан автомашиныг шинэ оноос эхлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн нь Илон Маскийн компанид томоохон цохилт өгчээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ