Пуужингийн тухай гэрээнд Орос улс оролцохоо больж байна гэж Путин мэдэгдэв
АНУ дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээнээс гарахаар шийдвэрлэсний хариуд Орос улс уг гэрээнд оролцохоо зогсоож байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гарагт ингэж мэдэгдсэнийг Кремлийн сайтад мэдээлжээ.
“Манай хариулт адилхан байх болно. Америк түншүүд гэрээнд оролцохоо больж байгаа тухайгаа зарласан, бид ч бас оролцохоо зогсоож байна” гэж оросын удирдагч ГХЯ-ны сайд Сергей Лавров, БХЯ-ны сайд Сергей Шойгу нартай уулзахдаа мэдэгджээ.
Эрдэм шинжилгээ-судалгааны болон туршилт- зохион бүтээх талын ажил хийж байгаагаа Вашингтонд мэдэгдсэнийг тэр бас сануулсан байна. “Бид мөн адил ийм ажил хийх болно” гэж Путин онцлон тэмдэглэжээ.
Зэвсэг хураах асуудлаар америкийн засаг захиргаатай хэлэлцээ хийх санал дахин тавихгүй байхыг төрийн тэргүүн бас шаардсан байна.
Гэхдээ Оросын талын бүх санал “ширээн дээр байгаа, хаалга нээлттэй” гэж Оросын ерөнхийлөгч тэмдэглэжээ.
АНУ дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ хоёрдугаар сарын 2-ноос больж байгаагаа түрүүнд нь мэдэгдсэн юм. Хэрвээ Орос улс тохиролцоог биелүүлэх ажилд буцаж орохгүй бол, гэрээнээс гарах үйл явц зургаан сарын дараа дуусгавар болно гэж Трамп тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Трамп зэвсэглэлд хяналт тавих шинэ гэрээ байгуулах тухай асуудлаар Оростой хэлэлцээ хийхийг хүсч байгаагаа мэдэгдсэн юм.
1987 онд байгуулсан пуужингийн тухай гэрээгээр 500 километрээс 5,5 мянган километр хүртэл тусгалтай газарт байрладаг баллистик пуужин болон далавчит пуужинтай байхыг хоёр талд зөвшөөрдөггүй юм. Хоёр тал гэрээний болзлыг зөрчиж байна хэмээн бие биенээ байнга буруутгаж байдаг билээ. Тухайлбал, Орос улс “Искандер-М” цогцолборын 9М729 далавчит пуужингийн жинхэнэ боломжийг нууж байна хэмээн АНУ буруутгадаг юм. Газарт байрладаг энэ пуужин 500 километрээс илүү хол тусгалтай гэж Пентагонд үздэг байна. Харин Оросын тал үүнийг няцаадаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ