Трамп Оростой пуужингийн шинэ гэрээ байгуулахыг хүсч байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэглэлд хяналт тавих тухай шинэ гэрээ байгуулах асуудлаар Оростой хэлэлцээ хийхийг хүсч байгаагаа мэдэгджээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
“Бид одоогийнхоос хавьгүй дээр шинэ гэрээ байгуулж болох юм хэмээн би найдаж байна. Би мэдээж ийм гэрээ байгуулахыг хүсч байгаа” гэж Трамп хэлжээ.
АНУ дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ хоёрдугаар сарын 2-ноос больж байгаа юм. АНУ гэрээний болзлыг биелүүлсээр байхад, харин Орос улсын зүгээс энэ болзлыг байнга зөрчиж байгаа нь ингэх шалтгаан болсон юм гэж америкийн тал үзэж байна. Хэрвээ Орос улс тохиролцоог биелүүлэх ажилд буцаж орохгүй бол, гэрээнээс гарах үйл явц зургаан сарын дараа дуусгавар болно гэж Трамп тэмдэглэсэн байна.
Хэрвээ АНУ гэрээнээс гарвал, Орос улс хариу арга хэмжээ авах эрхтэй гэж Оросын ГХЯ-наас мэдэгджээ. Дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээг Оросын тал зөрчиж байгааг нотлох баримтыг АНУ танилцуулаагүйг тус яам бас дурдсан байна.
1987 онд байгуулсан пуужингийн тухай гэрээгээр 500 километрээс 5,5 мянган километр хүртэл тусгалтай газарт байрладаг баллистик пуужин болон далавчит пуужинтай байхыг хоёр талд зөвшөөрдөггүй юм. Хоёр тал гэрээний болзлыг зөрчиж байна хэмээн бие биенээ байнга буруутгаж байдаг билээ. Тухайлбал, Орос улс “Искандер-М” цогцолборын 9М729 далавчит пуужингийн жинхэнэ боломжийг нууж байна хэмээн АНУ буруутгадаг юм. Газарт байрладаг энэ пуужин 500 километрээс илүү хол тусгалтай гэж Пентагонд үздэг байна. Харин Оросын тал үүнийг няцаадаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ