Гуайдо Мадуротай яриа хэлцээ хийхээс татгалзжээ


 Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо тус орны ерөнхийлөгч Николас Мадуротай яриа хэлцээ хийх бодолгүй байна гэдгээ мэдэгджээ.  РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.


“Хэн ч худал хуурмаг яриа хэлцээ хийхгүй гэдгийг би одоогийн дэглэмийнхэн болон дэлхий нийтэд ойлгуулахыг хүсч байна” гэж Гуайдо хэлжээ.


“Мадуро Венесуэлийн засгийн эрхийг “булаацалдахаа” болих ёстой гэж тэр мэдэгдээд, энэ нь цорын ганц хэлэлцэх асуудал юм гэж  бас онцлон тэмдэглэсэн байна.


Түрүүнд нь Мадуро Гуайдотай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.


Хэрвээ намайг баривчилж саатуулвал, үүнийг эргэлт хэмээн үзэх болно гэж өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн зарласан сөрөг хүчний удирдагч баасан гарагт мэдэгджээ. “Намайг саатуулах гэж байна гэсэн  элдэв цуу яриа их тарж байна. Хэрвээ намайг саатуулвал, энэ нь эргэлт  хийсэн хэрэг болно” гэж  тэр тэмдэглэжээ. 


Хуан Гуайдо тус оронд өргөн олныг хамарсан сөрөг хүчний  эсэргүүцлийн ажиллагаа эхлэхийн өмнө Вашингтонд нууцаар  очсон байна.  Ассошиэйтед пресс  агентлаг  өөрийн эх сурвалжийг иш татан ингэж мэдээлжээ.  Тус агентлагийн бичсэнээр, тэр бас Колумби, Бразилд  очсон байна.  Николас Мадурог ерөнхийлөгчийн албан тушаалд дахин орсны дараа  явуулах сөрөг хүчний ажиллагааг танилцуулж, дэмжүүлэх тухай нууц хэлэлцээ хийх нь арванхоёрдугаар сард түүний хийсэн  эдгээр нууц аялалын гол зорилго байжээ.


Гуайдо эрх баригчдын хянадаггүй Колумбитай залгаа хилийг нууцаар давсныхаа  дараа АНУ-д очсоныг  тэмдэглэж байна.


Венесуэлд “ардчилал сэргээх” асуудал эрхлэсэн АНУ-ын тусгай төлөөлөгч томилсон нь шууд  удирдах арга хэрэглэх гэсэн оролдлого юм. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова бямба гарагт Facebook дэх өөрийн хуудсанд ингэж бичжээ.


“Энэ нь бүс нутаг дахь  өөрийн ирээдүйн  хараат улс хэмээн америкийн эрх баригчдын үзэж буй Венесуэлийн улс төрийн байдлыг шууд удирдах гэсэн оролдлого юм.  Ирак, Ливид ардчилал “сэргээсэн”, Сирид ингэж чадаагүй, ер нь үнэндээ тэдэнд ардчилал өгөөгүй юм. Одоо Венесуэлийн ээлж ирж байна” гэж Захарова бичжээ.


Оросын хувийн цэргийн компаниудын дайчид сүүлийн өдрүүдэд Венесуэлд очсон байна. Тэд ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын дэмжиж буй сөрөг хүчин болон эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдоос хамгаалах юм. Оросын хувийн цэргийн компаниудад ойр байдаг хоёр хүн Ройтерс агентлагийн сурвалжлагчид ингэж мэдээлжээ.


Венесуэлд ийм хүмүүс очоод байгааг  оросын хувийн цэргийн комппаниудад бас ойр байдаг гурав дахь хүн нотлосон байна. Гэхдээ тэд тийшээ хэзээ, ямар зорилгоор очсоныг тэр тодруулаагүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин