Хуан Гуайдо гэж хэн бэ?
35 настай Хуан Гуайдо Венесуэлийн парламент – Үндэсний ассамблейн дарга юм. Тэр 1983 оны долоодугаар сарын 28-нд тус орны Ла-Гуайра хотод төржээ. Түүний эцэг нь нисэгч, эх нь багш байжээ. Гуайдогийнх олон хүүхэдтэй айл байсан бөгөөд тэр найман хүүхдийн нэг гэнэ.
1999 онд Варгас хотод хэд хэдэн удаа хөрсний гулсалт болсноор тэднийх орон гэр, том биш бизнесээ алджээ. Энэ хэрэг явдал Хуанд, тухайлбал түүний улс төрийн үзэл бодолд хүчтэй нөлөөлсөн байна. Тэр тэгэхэд засгийн эрхэнд гарсан Уго Чавесын үйл ажиллагааг хангалтгүй, үр нөлөөгүй хэмээн үзэж байжээ.
2007 онд Андреас Беллогийн Католигийн их сургуулийг “аж үйлдвэрийн инженерчлэл” мэргэжлээр төгссөн байна. Их сургууль төгссөнийхөө дараа АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд “төрийн удирдлагын” мэргэжлээр үргэлжлүүлэн суралцжээ. Суралцаж байхдаа Венесуэлийн засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байсан оюутны хөдөлгөөнд нэгдсэн байна.
2009 онд зүүний төвч үзэлт “Ардын хүсэл зориг” намд элсчээ. Сөрөг хүчний удирдагч, Каракас хотын дарга асан Леопольдо Лопес түүний намын хамтран зүтгэгч байсан байна. Тэд хамтдаа Чавес, дараа нь Мадурогийн дэглэмийн эсрэг тэмцэж байжээ.
2018 онд тэр Венесуэлийн сөрөг хүчний “Ардчилсан эв нэгдлийн дугуй ширээ” эвслийн удирдагчаар томилогдож, харин энэ оны нэгдүгээр сарын 5-наас Венесуэлийн парламентын даргын албан тушаалд ажиллаж байна.
Венесуэлийн тусгай албаны ажилтнууд нэгдүгээр сарын 13-нд Гуайдог Ла-Гуайра хотын хавьд саатуулжээ. Тэр улс төрийн цуглаанд оролцохоор явж байсан байна. Саатуулснаас хойш удалгүй парламентын тэргүүнийг суллажээ.
Нэгдүгээр сарын 23-нд нэг цуглаан дээр Гуайдо түр засгийн газрын ажиллах хугацаанд өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласан юм.
Тэр гэр бүлтэй, нэг охинтой ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ