Венесуэлийн сөрөг хүчний удирдагч өөрийгөө ерөнхийлөгч гэж зарлав
Венесуэлийн парламентын дарга, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус орны түр ерөнхийлөгч хэмээн зарлаж, тангараг өргөжээ. Сонгуульд бэлтгэхийн тулд зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх болно гэж тэр мэдэгдсэн байна. Ройтерс агентлаг лхагва гарагт ингэж мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гуайдог Венесуэлийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
Лхагва гарагт тус орны олон зуун мянган оршин суугч ерөнхийлөгч Николас Мадурогийн засаглалыг эсэргүүцсэн аян зохион байгуулжээ.
Нэгдүгээр сард Венесуэлийн Үндэсний парламент түүнийг засгийн эрх булаагч хэмээн тодорхойлсон юм. Үүнээс өмнө хэд хэдэн орон түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахь удаагаа орсны дараа тус улсаас дипломат харилцаагаа тасласан байна.
Венесуэлд эдийн засгийн хямралын хамт Мадурогийн засаглалд дургүйцэх явдал ихэсчээ. 2018 оны долоодугаар сард Олон улсын валютын сан оны эцэс гэхэд инфляц нэг сая хувьд хүрнэ хэмээн таамаглаж байв. Тус оронд өргөн олныг хамарсан эмх замбараагүй байдал тогтмол болж байна. Наймдугаар сарын эхээр тэсрэх бодис бүхий дрон хэрэглэн Мадурогийн амь насанд халдахаар оролдсон юм.
Орос улс Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгч гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ шийдвэрээ өөрчлөхгүй. Оросын парламентын Холбооны зөвлөлийн гадаад харилцааны хорооны орлогч дарга Андрей Климов лхагва гарагт ингэж мэдэгдсэн байна.
АНУ Венесуэлд төрийн эргэлт хийхээр оролдлоо гэж тус орны ерөнхийлөгчөөр сонгогдсон Николас Мадуро мэдэгджээ. Мэдээллийн AVN агентлаг ингэж мэдээлсэн байна.
“АНУ-ын засгийн газар Венесуэлд төрийн эргэлт хийж, тус орныг хяналтдаа авахыг хүсч байна” гэж тэр хэлжээ.
Мадуро америкийн засгийн газраас бүхий л дипломат харилцаагаа таслаж байгааг бас онцлон тэмдэглэжээ. Тэр америкийн дипломатчдыг тус орноос 72 цагийн дотор гарахаар шийдвэрлэсэн байна.
Одоогийн засгийн газрын талынхан Венесуэлийн нийслэлд Мадурог дэмжсэн цуглаан зохион байгуулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ