Оросын Ту-22М3 нисэх онгоц сүйрэв

Мурманск мужид унасан холын нислэгийн Ту-22М3 бөмбөгдөгч нисэх онгоцны дөрөв дэх нисэгчийн амь насанд аюулгүй байна. Түүнийг  тусгай нисэх онгоцоор Москвагийн цэргийн эмнэлэгт хүргэжээ.

Ту-22М3 нисэх онгоц өөрийн байрладаг Оленогорскийн нисэх буудалд сүйрснийг Интерфакс агентлаг дурдсан байна. Багийн хоёр гишүүн амь үрэгдэж, бас хоёр нь амьд үлджээ. Гэвч гурав дахь нисэгч сүүлд нь эмнэлэгт нас барсан байна.

Урьдчилсан мэдээгээр, бөмбөгдөгч нисэх онгоц бэлтгэл сургуулилтын төлөвлөгөөт нислэг үйлдэж байжээ.  Нисэх онгоцыг  буух үед  их цас орж, хүчтэй салхилж байсан байна. Үүнээс болоод Ту-22М3 нисэх онгоц нисч-хөөрөх зурваст унаснаар эвдэрч, шатсан байна. Оросын батлан хамгаалах яам нисэх онгоц сүйрсэн байж болох бүхий л хувилбар, түүний дотор техникийн гэмтэл гарч, цаг агаарын таагүй нөхцөлд нисэгчид алдаа гаргасан байж болох хувилбарыг авч үзэж байгаа ажээ. Нисэх онгоц 33 жилийн насжилттай  бөгөөд 2012 онд их засвар хийсэн байна.  Байрладаг нутгаас 2200 километр хүртэл зайд газрын болон тэнгис дэх   байг жолоодлогот пуужин, агаарын бөмбөгөөр устгах зорилгоор холын нислэгийн пуужин тээгч энэ бөмбөгдөгч нисэх онгоцыг бүтээжээ. 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин