Шинээр гаргах хувьцааг бүртгэж, багц дүрмүүдийг баталлаа

Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны анхны ээлжит хуралдаанаа өнөөдөр хийж, Даатгалын болон Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрмүүдийг хэлэлцэн баталлаа. Даатгалын багц дүрэмд тусгай зөвшөөрлийн, нөхцөл шаардлага, шалгуур үзүүлэлтийн, төлбөрийн чадварын, нөөцийн болон бусад сангийн, ил тод байдал, тайлагналын, хяналтын, хариуцлагын зэрэг 17 дүрэм, журам, аргачлал, заавар багтаж байгаа бол Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм нийт 14 зохицуулалтын актаас бүрдэж байна. Эдгээр багц дүрмүүдээр даатгалын болон үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагааг эрхэлж буй хуулийн этгээдүүдэд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, бүртгэх, үүнтэй холбогдон тэдгээрт тавигдах шаардлага, шалгуурыг тогтоох, үйл ажиллагаанд тавих, дагаж мөрдөгдөх хяналт, зохицуулалт, мөн тэдгээрийн дотоод үйл ажиллагаа, мэдээлэл, тайлагналын асуудал, татан буулгах дахин хөрөнгөжүүлэх болон зар сурталчилгаанд тавих хяналт зэрэг цогц харилцааг нийтэд нь зохицуулах юм.

Хуралдаанаар, “Ард кредит ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 280 сая ширхэг хувьцааг бүртгэж, үүний 25 хувь буюу 70 сая ширхэгийг нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. Энэ нь үнэт цаасаа нийтэд санал болгон гаргаж буй хоёр дахь банк бус санхүүгийн байгууллага болж байна. Компани нийтэд санал болгон арилжаалах 50 хувь буюу 35 сая ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчид, мөн 50 хувь буюу 35 сая ширхэгийг захиалгын бүртгэлийн аргаар тус бүрийн үнийг 70-85 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах юм.

Мөн хуралдаанаар, “Ард даатгал” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Түүнчлэн “Дэвжих хөгжил ББСБ”, “Хөгжих капитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай асуудлуудыг хэлэлцэн зөвшөөрч, “Заг чандмань ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ