Тавантолгойд цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар болон "Оюу толгой" компани "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар Оюу толгой компанийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар гарын үсэг зуран, Тавантолгойд цахилгаан станц байгуулах шийдвэр баталгаажсан байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ, "Өнөөдрийн энэ гэрээ хоёр талаасаа хүчин чармайлт гаргаж чадвал харилцан үр ашигтай гэрээ байгуулж болно гэдгийн тод жишээ болно. 2023 онд Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний цахилгааны холбогдолтой заалт бүрэн хэрэгжих төдийгүй импортын эрчим хүчний хэрэглээ зогсоно. Эдийн засгийн хувьд Монгол Улсад ашигтай гэрээ гэж дүгнэж байна" гэжээ.
Мөн Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой компанийн ТУЗ-өөс "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээг байгуулж байгааг би талархан хүлээн авч байна. Өнөөдөр энэхүүг гэрээг байгуулснаар Оюутолгой компани төдийгүй өмнийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах урт хугацааны чиглэлийг баталгаажуулж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Эрхэм Сайдын хэлсэнчлэн энэхүү гэрээг Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчид ч харилцан ашигтай хамтын ажиллагааны тод жишээ гэж харж байгаа. Оюутолгой компани дотоодоос эрчим хүч авах үүргээ биелүүлэхийг хичээн, чармайж ажиллаж ирсэн. Энэхүү төсл маш өргөн далайцтай төсөл болох юм. Тиймээс бидний хийж хэрэгжүүлэх ажил маш их байна. Юуны өмнө төслийн санхүүжилт, ТЭЗҮ дээр төвлөрч ажиллана" гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ