Дэлхийн гуравдугаар дайн эхлэх магадлалтай бүс нутгуудыг жагсаажээ
Дэлхийн гуравдугаар дайн дэгдэж мэдэх хамгийн “эгзэгтэй” бүс нутаг нь 2019 онд Өмнөд Хятадын тэнгис, Украин, Персийн булан, Солонгосын хойг хэвээр байх болно . АНУ-ын армийн цэргийн коллежийн профессор, “The National Interest” сэтгүүлийн тайлбарлагч Роберт Фарли ийм “эгзэгтэй цэгүүдийн” тоймыг бэлтгэжээ.
АНУ, БНХАУ хоёр шөргөөцөлдөж байгаа Өмнөд Хятадын тэнгис эхний тийм нутагт тооцогдож байна. Одоогоор эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд худалдааны дайн болж байгаа юм. Гэвч хоёр талын харилцаа муудахын хэрээр мөргөлдөөн энэ хүрээнээс хальж болох юм гэж Фарли бичжээ.
Фарли Украиныг дэлхийн гуравдугаар дайн эхлэх магадлал бүхий өөр нэг бүс нутаг хэмээн үзэж байна. Керчийн буланд болсон хэрэг явдал бүс нутагт түгшүүртэй байдлыг хурцатгасан юм. Украинд болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нь тодорхой бус байдлыг дэвэргэж байна.
Иранд АНУ-ын үзүүлж буй эдийн засгийн даралт шахалт, түүнчилэн Йемен, Сири дэх мөргөлдөөнөөс болоод түгшүүртэй байдал даамжирч буй Персийн булан ч “эгзэгтэй” бус нутаг хэвээр байна. Тогтворгүй байдлын аливаа илрэл нь АНУ, Орос болон тэр ч байтугай Хятадын хооронд илт мөргөлдөөнд хүргэж болох талтай.
“Эгзэгтэй бүс нутгийн жагсаалт”-ын сүүлд Солонгосын хойг оржээ. АНУ, БНАСАУ-ын харилцаа хэзээ ч муудаж мэдэх бөгөөд өөр чухал тоглогч болох Хятад, Япон ч Солонгосын хойгийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа юм.
Өөр “эгзэгтэй цэгүүд” яваандаа бусад бүс нутагт ч гарч ирж болох талтай гэж Фарли бичжээ. Жишээ нь, ийм мөргөлдөөн Балти орчмын нутаг, Азербайжан, Кашмир юмуу Венесуэлд дэгдэж болох юм. Ингэхдээ ойрын ирээдүй нь саяхны өнгөрсөн үеийг бодвол илүү аюултай болж магадгүй хэмээн профессор үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ