АНУ-ын Батлан хамгаалахын сайд огцрох өргөдөл гаргажээ


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрээр тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамптай олон асуудлаар санал зөрөлдсөний эцэст ийм шийдвэр гаргажээ.

Жеймс Мэттис Доналд Трампад барьсан өргөдөлдөө, “Та Батлан хамгаалахын сайдын албан тушаалд өөртэйгөө илүү төстэй үзэл бодолтой хүнийг тавих бүрэн эрхтэй. Иймд би огцрох нь зүйтэй гэж үзлээ” гэсэн аж.

Жеймс Мэттис Пентагоныг 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тэргүүлж эхэлсэн бөгөөд урьд нь АНУ-ын Тэнгисийн цэрэгт алба хаан Афганистан, Иракт байлдааны ажиллагаанд оролцож явжээ. Тэрээр түүнчлэн НАТО-гийн зэвсэгт хүчний шинэчлэлийг гардан удирдаж, АНУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабт Ойрхи дорнод, Төв Ази, Зүүн Африкийн бүс нутгийн асуудлыг хариуцсан албаны даргаар ажиллаж байсан аж.

Доналд Трамп түүнийг ирэх жилийн хоёрдугаар сард албан тушаалаа орхин тэтгэвэрт гарна гэж “Твиттер” хуудсандаа мэдээлээд, хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэсэнд талархал илэрхийлжээ.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин