Путиний хэвлэлийн хуралд хамгийн олон сэтгүүлч оролцсоноороо онцлог болов
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 14 дэх удаагийнхаа хэвлэлийн хурлыг өчигдөр хийж, оролцсон сэтгүүлчдийн тоогоор (1702) дээд амжилт тогтоов. 3 цаг 44 минутын хугацаанд ерөнхийлөгч 53 сэтгүүлчийн 68 асуултад хариулж амжжээ. Тэр үндэсний төслүүд, Украинтай харилцах харилцаа, хориг арга хэмжээ гээд оросын иргэдийн сонирхсон бусад олон асуултад хариулсан байна. Тодруулвал, эрүүлийг хамгаалах, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, гадаад бодлого, эдийн засгийн багц асуудлууд гээд хамгийн өргөн хүрээтэй сэдвүүдээр төрийн тэргүүнээс хариулт сонсов. Владимир Путин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, уламжлал ёсоор хошигнож, мөн өөрийн хувийн амьдралын тухай асуултад ч бас хариулсан юм.
Хэвлэлийн хуралд Оросын янз бүрийн бүс нутаг, түүнчилэн Европ, Латин Америкийн хэд хэдэн орон, АНУ-ын сэтгүүлчид хүрэлцэн иржээ. Гадаадын сэтгүүлчид Сири, Афганистан, Украины байдлыг зохицуулахтай холбоотой сэдэв, түүнчилэн Орос, АНУ-ын харилцааны цаашдын хөгжлийг голдуу сонирхож байв.
Орост хүмүүс дайнаас айж эмээж байна гэсэн санаа бодол хэвлэлийн хурал дээр бас сонсогдсон юм. Тиймээс Путинийг энэ талаар юу гэж хэлэхийг бүгд хүлээж байсан нь мэдээж. Эдүгээ америкчуудтай зөрчилдөж байгаагийн мөн чанар юунд оршиж байгааг ерөнхийлөгч дэлгэрэнгүй тайлбарлаад, эрүүл саруул санаа бодол давамгайлж, хэрэг явдал мөргөлдөөнд хүрэхгүй гэдэгт итгэж байгааагаа сүүлд нь илэрхийлсэн юм. Путин цөмийн зэвсэглэлээс дутуугүй аюул агуулж буй цөмийн биш шинэ төрлийн зэвсэглэл, баллистик пуужингийн тухай сонирхолтой мэдээлэл өгсөн байна.
Мэдээллийн REGNUM агентлагийн уламжилснаар, Владимир Путиний 2018 оны хэвлэлийн хурал уур амьсгал, сонирхол татсан байдлаараа өмнөх хэвлэлийн хурлуудаас илүү байлаа гэж шинжээчид үзжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ