3000 гаруй хувьцаа эзэмшигчдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэв
Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв, "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн мэргэжилтнүүдийн хамтын баг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллажээ.
Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулан, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгын хүрээнд ажилласан багийнхан аймаг тус бүрт 1000 орчим иргэн буюу нийт 3000 гаруй иргэнд нэг цэгийн үйлчилгээ үзүүлжээ.
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар,"Үнэт цаасны хадгаламжийн төв” ХХК, "Өндөрхаан инвест ҮЦК” ХХК, "Монсек ҮЦК” ХХК гэсэн байгууллагууд энэхүү арга хэмжээг дэмжин, хувьцаа эзэмшигчдийг идэвхтэйгээр оролцуулсан байна. Хэнтий аймгийн "Өндөрхаан инвест ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотод тогтмол үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ аймаг орон нутагтаа 4 брокерийг тогтмол ажиллуулж өнгөрсөн хугацаанд нийт хүн амын 60 хувьд данс нээсэн бөгөөд өдөрлөгийн хүрээнд давхардсан тоогоор 400 гаруй иргэнд данс шалгах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг үзүүлсэн байна.
Мөн "Монсек ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотод тогтмол үйл ажиллагаа явуулахаас гадна Сүхбаатар, Дорнод аймгуудыг давхар хариуцан ажиллажээ. Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд нийт иргэдийн 70 хувь, Дорнод аймагт нийт иргэдийн 80 хувь нь данс нээж, өдөрлөгийн үеэр 980 иргэнд данс шалгах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг үзүүллээ гэж "Эрдэнэс -Тавантолгой” ХК-иас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ