Бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэгчид Нобелийн шагнал хүртэв
2018 оны Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол Норвегийн нийслэлд болов. Энэ арга хэмжээний тухай шууд бичлэгийг Нобелийн хорооны сайтад тавьжээ.
Шагналыг Бүгд Найрамдах Конго Ард Улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге, Иракийн хүний эрх хамгаалагч эмэгтэй Надя Мурад нарт гардуулсан байна. Тэд бэлгийн хүчирхийллийг зогсоох талаар чармайлт тавьж, цэргийн гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарал хандуулж, тэмцэж байдгийн учир ийнхүү шагнагджээ.
Муквеге өөрийн Твиттер-ээр Нобелийн хороонд талархал илэрхийлээд, “2018 оны Нобелийн шагналыг гардан авахаар Надя Мурадын хамт Ослод ирсэндээ би баяртай байна” гэж бичжээ. Мурад хэлсэн үгэндээ бэлгийн хүчирхийлэл, хүйсээр ялгаварлан гадуурхах явдал, арьсны үзлийн илрэл, боолчлолын эсрэг тэмцэхийг хүн төрөлхтөнд уриалсан байна.
Муквеге, Мурад нар шагналтан болж байгаа нь аравдугаар сард тодорхой болсон юм. Конгын эмч өөрийн оронд бэлгийн хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдэд тусладаг байна. Тэр Панзи гэдэг эмнэлэг байгуулж, цэргийн гэмт хэргийн золиос болсон эмэгтэйчүүдэд тусладаг аж.
Мурад өөрөө бэлгийн хүчирхийллийн золиос болж байжээ. Тэр курд үндэстний езидчүүдийн цөөнх омгийн хүн юм. Сири, Иракийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг эзлэсэн террорын “Исламын улс” бүлэглэлийнхэн 2014 онд езидчүүдийг хүйс тэмтэрч эхлэсэн байна. Надягийн тосгонд олон зуун хүнийг алж, олон залуу эмэгтэй, насанд хүрээгүй охидыг хулгайлан, бэлгийн боол болгон барьж байжээ. Харин Мурад гурван сарын дараа террористуудын гараас мултарч чадсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ